Мэдээ

7 хоногийн тойм: Хөрөнгийн зах зээлийн тойм

Нийтэлсэн огноо: 2025-05-29

Дотоод мэдээ


Энэ долоо хоногт хоёрдогч зах дээр 6.4 тэрбум төгрөгийн арилжаа явагдлаа

[ХЗЗ-ийн тойм: 2025.05.02] Баасан гарагт дотоодын хөрөнгийн зах холимог дүр зурагтай хаагдсан ба ТОП-20 индекс +0.20%-иар, MSE-B индекс +0.46%-иар өссөн бол I ангилалын MSE-A индекс -0.07%-ийн бага зэргийн уналтыг харууллаа. ТОП-20 индекс өсөхөд сагсанд нь багтдаг [MSE:APU] АПУ ХК (+0.22%), [MSE:GOV] Говь ХК (+3.96%), [MSE:INV] Инвескор ХК (+0.93%), [MSE:SBM] Төрийн банк ХК (+0.60%) зэрэг хувьцаанууд өсөлт үзүүлсэн нь нөлөөлжээ.

Эх сурвалж: /Marketinfo/

АПУ ХК-ийн хөрөнгө оруулагчдын тоо 2023-2024 онд 55 хувиар өссөн ч хувьцааны ханш нь 17.3 хувиар буурчээ

2024 онд инфляц болон гадаад валютын ханшийн өөрчлөлт АПУ ХК-ийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл харьцангуй тогтвортой байсныг үйл ажиллагааны тайландаа онцолсон байна.

Өнгөрсөн онд 192.9 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тус компани сүү, сүүн бүтээгдэхүүний брэндийн нэр төрлийг нэмэгдүүлж ажилласнаа тодотгожээ.

Цаашид зах зээлд эзлэх хувиа тэлэх хүрээнд нэмэлт санхүүжилт татаж, хөрөнгө оруулалт хийж байгаа аж. Тухайлбал: өнгөрсөн оны 11 дүгээр сард Азийн Хөгжлийн банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай 40 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулсан байна.

Үүнээс гадна АПУ ХК-ийн хөрөнгө оруулагчдын тоо 2023-2024 онд 55 хувиар өсжээ. Харин 2025 он гарсаар хувьцаа эзэмшигчдийн тоо нь гурван хувиар нэмэгдсэн байна. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн хувь бага зэрэг нэмэгдэж, гуравдугаар сарын эцэст 13.44 хувьтай байгааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн мэдээллээс харж болохоор байгаа юм.

Тайлант хугацаанд тус компанийн нэгж хувьцааны ханш 17.3 хувиар буурсныг мэдээллээ. Дөрөвдүгээр сарын 29-ний хаалтын ханшаар АПУ ХК-ийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ 988.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

Эх сурвалж: /Bloomberg/

Гадаад мэдээ


У.Баффетт “Berkshire Hathaway”-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцорно

АНУ-ын Небраска муж улсад бямба гарагт болсон “Berkshire Hathaway” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр оны эцэс гэхэд 1.1 их наяд долларын үнэлгээтэй конгломератын гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорно гэдгээ Уоррен Баффет мэдэгджээ.

Тэрбумтан хөрөнгө оруулагч “Berkshire Hathaway”-ийн удирдах албан тушаалыг 1965 оноос буюу нэхмэлийн үйлдвэр байх үеэс нь хашиж эхэлсэн юм. Дараа нь тэрбээр янз бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааг худалдан авснаар өдгөө уг конгломератыг хөрөнгө оруулагчид, зах зээлийн ажиглагчид гээд хэн бүхний мэдэх эдийн засгийн хүчирхэг төв болгож чадсан билээ.

Хөрөнгө оруулалтын ухаанаараа гайхагддаг У.Баффет өдгөө 94 насандаа дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагчдын нэг болсон бөгөөд тэтгэвэрт гарах бодолгүй байгаагаа илэрхийлж байсан удаатай. Тэрбээр дэд ерөнхийлөгч Грег Абелийг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилуулахаар ТУЗ-ийг хуралдуулна гэдгээ мэдэгджээ. Небраскагийн Омаха хотод болсон хурлын төгсгөлд хийсэн У.Баффетийн мэдэгдэл олон хүнийг гайхшруулсан бөгөөд тэрбээр ТУЗ-ийн гишүүдэд урьдчилж мэдэгдээгүй гэдгээ хэлсэн байна. 

И.Маскийг орлох хүнийг хайж эхэлжээ

Америкийн “Tesla” компанийн төлөөлөн удирдах зөвлөл тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн халааг авах хүнийг олохоор удирдах албан тушаалтнуудыг ажилд зуучилдаг фирмүүдтэй сар орчмын өмнө холбоо барьсан талаар Wall Street Journal сонин лхагва гарагт энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ. 

Гүйцэтгэх захирлын албан тушаалыг шилжүүлэн өгөх ажил одоогоор ямар шатандаа явж байгаа нь тодорхойгүй байна. И.Маск Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийг /DOGE/ удирдаж, төрийн албан хаагчдыг цомхотгох ажлыг ахалж байгаа энэ үед цахилгаан авто машин үйлдвэрлэгч компанийн борлуулалт, ашиг орлого буурч байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна.

И.Маскийн хувьд, Д.Трампын засаг захиргаанд зарцуулах цагаа эрс багасгаж, компаниуддаа илүү их цагийг зориулна гэж мэдэгдсээр иржээ. Тэрбээр өөрөө төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хэдий ч дээр дурдсан үйл явдлын талаар мэдэж байсан эсэх, “Tesla”-д илүү их цаг зориулна гэсэн амлалт нь түүний халааг авах хүний тухай асуудалд нөлөөлсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. “Tesla” болон И.Маск энэ талаар тодруулга авах Ройтерс агентлагийн хүсэлтэд хариу өгсөнгүй. 

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлт эрчээ авч байна

S&P 500 индекс 2004 оноос хойших хамгийн урт буюу 9 өдөр дараалан өссөн ч, энэ нь 2-р сарын дээд хэмжээнээсээ 7.5%-иар доогуур хэвээр байна. Өнгөрсөн сард энэ индекс оргил түвшнээсээ бараг 20%-иар унасан юм.

Сүүлийн хэдэн долоо хоногт олон компанийн тайлан хүлээлтээс давсан үзүүлэлттэй гарсан байна. S&P 500 индексийн ойролцоогоор гуравны хоёр нь тайлангаа танилцуулсан бөгөөд нийт дүнгээрээ компаниуд ашиг орлогоо хүлээлтээс 7%-иар илүүгээр тайлагнажээ. Энэ нь урт хугацааны дундаж болох 4.3%-иас өндөр үзүүлэлт юм гэж LSEG IBES мэдээлэв.

Майкрософт (MSFT.O) болон Фэйсбүүкийн толгой компани Meta Platforms (META.O)-ийн тайлангийн дараа тэдгээрийн хувьцаа Пүрэв гарагт өсөж, хөрөнгийн индексүүдийг өсгөсөн байна. Ирэх долоо хоногт Uber Technologies (UBER.N), Walt Disney (DIS.N), болон ConocoPhillips (COP.N) компаниуд тайлангаа танилцуулах хуваарьтай байна.

Худалдааны хэлэлцээрийн явц цаашид ч анхаарлын төвд байх бөгөөд хөрөнгө оруулагчид зах зээлийн сэргэлт нь хурцадмал байдал намжиж, бусад орнуудтай хийж буй хэлэлцээрүүд ахицтай урагшилж байгаа гэсэн итгэл найдвараас үүдэлтэй гэж үзэж байна. Дөрөвдүгээр сарын 9-нд Трамп олон оронд ногдуулсан их хэмжээний импортын тарифыг 90 хоногоор хойшлуулсан бөгөөд АНУ эдгээр улсуудтай хэлэлцээ хийж байна. 

 

 

© 2025 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency