Мэдээний огноо: 2025 оны 12 сарын 07
МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ ХК-ИЙН 2.47 САЯ ХУВЬЦАА БАГЦЛАГДАН ЗАРАГДЛАА
[ХЗЗ-ийн тойм: 2025.12.05] Баасан гарагийн арилжаагаар үнэт цаасны хоёрдогч зах дээр 46 компанийн үнэт цаас 894.3 сая төгрөгөөр арилжигдлаа. Үүнээс [MSE:MLG] Монложистик холдинг ХК-ийн 2.47 сая гаруй хувьцаа багцлагдан 495.0 сая төгрөгөөр арилжигдсан байна.
Зах зээлийн голлох индексүүдийн хувьд холимог дүр зурагтай байсан бөгөөд ТОП 20 индекс +0.45%-иар, MSE B индекс +0.34%-иар өссөн бол MSE A индекс -0.01%-ийн бага зэрэг буурав. [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК (+5.90%), [MSE:GOV] Говь ХК (+1.10%), [MSE:AARD] Ард санхүүгийн нэгдэл ХК (+1.40%), [MSE] Монголын хөрөнгийн бирж ХК (+0.43%) зэрэг ТОП-20 индексийн сагсанд багтдаг хувьцаа өсөлтийг дэмжлээ.
Ханшийн онцлох хөдөлгөөнийг харвал III ангилалд багтдаг [MSE:MSH] Монгол шилтгээн ХК-ийн ханш -14.98%-иар унаж 220.0₮-т, Люкс занаду групп ХК-ийн хувьцаа +14.96%-ийн огцом өсч 1,998.0₮-т хүрч түүхэн дээд ханшдаа очлоо.
АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХУДАЛДСАН ҮНЭТ МЕТАЛЛ 2024 ОНЫХООС 20.3 ХУВИАР ӨСЖЭЭ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 05 /МОНЦАМЭ/. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч (ҮМҮЧЭТХЭАЭ)-ийн тусгай зөвшөөрөлтэй 51 хуулийн этгээд, 495 иргэн 2025 оны 3 дугаар улиралд үйл ажиллагаа эрхэлснийг Санхүүгийн зохицуулах хорооны нэгтгэсэн тайланд дурджээ.
Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад үйл ажиллагаа эрхлэгч иргэдийн тоо 7.6 хувиар өсжээ. Нэр бүхий 51 хуулийн этгээдийн хувьд 81 хувьцаа эзэмшигчийн 6.3 тэрбум төгрөгийн нийлүүлсэн хөрөнгөтэй байна. Энэ төрлийн тусгай зөвшөөрөлтэй арилжаа эрхлэгч иргэдийн 361 нь Улаанбаатар хотод, 134 нь орон нутагт байдаг.
Арилжаа эрхлэгч иргэн, хуулийн этгээдүүд 1,380 кг үнэт металлыг 293.8 тэрбум төгрөгөөр худалдан авчээ. Мөн 985.0 кг үнэт металлыг 312.1 тэрбум төгрөгөөр борлуулсан байх юм. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад худалдан авсан үнэт металлын үнийн дүн 13.2 хувиар, худалдсан үнэт металлын үнийн дүн 20.3 хувиар өссөн үзүүлэлттэй юм.
Энэ оны 3 дугаар улиралд өссөн дүнгээр нийт 26.2 тэрбум төгрөгийн үнэт эдлэл худалдан авч, 45.5 тэрбум төгрөгийн үнэт эдлэлийг борлуулсан байна.
Салбарын нийт ашиг 62.7 тэрбум төгрөг, зарлага 52.9 тэрбум төгрөг, цэвэр ашиг нь 9.8 тэрбум төгрөг гэж гарчээ. Тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Дархан-Уул, Орхон аймагт 9 дүгээр сард сургалтыг зохион байгуулжээ. Уг сургалтад нийт 19 иргэн хамрагдсан байх юм.
Мөн салбарын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээний ажлын хүрээнд 8 дугаар сарын 19-нд 135 иргэн, 31 хуулийн этгээдээс асуумж авч, ярилцлага хийсэн. Дээрх ярилцлагын дагуу ҮМҮЧЭТХЭАЭ-ийн салбарын эрсдэлийн үнэлгээний 9 дүгээр сарын 30-ны өдрийн хэлэлцүүлэгт холбогдох үнэлгээний тайланг танилцуулжээ.
Эх сурвалж: /Marketinfo/
“NETFLIX” КОМПАНИ “WARNER BROS. DISCOVERY”-Г ХУДАЛДАН АВНА
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны арванхоёрдугаар сарын 6 /NHK/. Америкийн стриминг үйлчилгээний салбарт тэргүүлэгч “Netflix” компани “Warner Bros. Discovery”-гийн зарим нэгж салбарыг 72 тэрбум ам.доллароор худалдаж авахаар тохиролцжээ.
“Netflix” баасан гарагт мэдэгдэхдээ, “Warner Bros. Discovery”-гийн кино, телевизийн студи, мөн стриминг хариуцсан хэлтсийг худалдаж авна гэлээ. Тус компанийн зүгээс “эцсийн” хэмээн тодорхойлсон уг хэлэлцээр нь энтертайнментын салбарыг улам бэхжүүлнэ гэж мэдэгджээ.
“Warner Bros. Discovery” бол Холливүүдийн томоохон студиудын нэг бөгөөд Харри Поттер цувралаараа алдартай юм. “Netflix”-ийн мэдээлснээр, энэхүү хэлэлцээр нь хэрэглэгчдэд илүү олон тооны чанартай бүтээлүүдийг сонгон үзэх боломжийг олгоно. Мөн хэрэглэгчдийн сонгосон төлбөрийн багцыг илүү оновчтой болгох, үзэх контентуудын сонголтыг сайжруулах, контентын хандалтыг өргөжүүлэх ажээ.
“Warner Bros. Discovery” нь бизнесийн үйл ажиллагаандаа бүтцийн өөрчлөлт хийж байгаа бөгөөд үүнд олон нийтэд нээлттэй арилжаалагддаг хоёр компанид хуваахаар төлөвлөж байна. Тэдгээрийн нэг нь студи болон стриминг үйлчилгээ, нөгөө нь CNN зэрэг телевизийн сувгууд юм. Энэхүү бизнесийг сонирхох нь улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд худалдан авагчдын тоо нэмэгдсээр байна.
“Netflix”-ийн дээрх хэлэлцээрийг одоо холбогдох зохицуулах байгууллагууд баталгаажуулах ёстой. Энэхүү үйл явц жил хагасын турш үргэлжлэх төлөвтэй байна.
БИТКОИНЫ ХАНШ 6 ХУВИАР ӨСЖЭЭ
Биткоины ханш мягмар гарагт 6.4 хувиар өссөнөөр хөрөнгө оруулагчид өнгөрсөн долоо хоногуудад уг криптовалютыг их хэмжээгээр худалдсаны дараах сэргэлт болж байна.
“CoinMarketCap” цахим хуудасны мэдээллээр, биткоиныг оролцуулсан дэлхийн криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ сүүлийн 24 цагийн дотор 6.6 хувиар өсөж, 3.09 их наяд ам.доллар болсон байна. Харин биткоины зах зээлийн үнэлгээ өнгөрсөн нэг өдрийн дотор 6.7 хувиар өссөнөөр 1.81 их наяд ам.доллар болжээ.
Зах зээлийн үнэлгээгээр хоёрдугаарт ордог криптовалют болох эфириумын ханш мөн 8.6 хувиар өсөж, 2970 ам.долларт хүрсэн байна. Биткоины ханш 11 дүгээр сарын сүүлчээр өмнөх сарынхаас огцом буурсны дараа дээрх өсөлт ажиглагдаж байна. Эрсдэлтэй активуудын ханш өсөхөд АНУ-ын мөнгөний бодлогын талаарх таамаглал нөлөөлсөн боловч тодорхой хэмжээний дарамт үргэлжилсээр байна.
Биткоины ханш 10 дугаар сарын эхээр түүхэн дээд үзүүлэлтэд хүрснээсээ хойш 30 орчим хувиар унасан нь дижитал хөрөнгийн зах зээлийг тогтворгүй байдалд оруулсан юм. Харин АНУ-ын ДНБ-ий үзүүлэлтүүд буурч, инфляцын дарамт намжиж байгаагаас шалтгаалан Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 12 дугаар сард бууруулах магадлал өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхүйц өссөн байна.
© 2025 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency