Мэдээ мэдээлэл

7 хоногийн тойм: Засгийн Бонд ба Дэлхийн Драма

Нийтэлсэн огноо: Monday April 7th, 2025

Дотоод мэдээ


🏛️ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ НЭЭЛТТЭЙ АРИЛЖАА ЭХЛЭНЭ.

Засгийн газрын дотоод үнэт цаасны нээлттэй арилжаа 2017 оны 10 дугаар сард зогссоноос хойш ийнхүү 8 жилийн дараа дахин нээгдэж байгаа нь дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулагчдад эрсдэлгүй, хөрвөх чадвар сайтай санхүүгийн хэрэгсэл санал болгох, зах зээлийн суурь хүүг тогтоох зорилготой юм.

Монголын хөрөнгийн бирж дээрээс 60 тэрбум төгрөгийг босгохоор болжээ. Эхний ээлжинд 2025.04.16-нд 10.0 тэрбум төгрөгийн дүн бүхий бонд гаргах юм байна.

Хөрөнгө оруулагчид Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд оролцохдоо үнэт цаасны брокерын үйл ажиллагаа эрхлэгч компаниар дамжуулан захиалга өгөх боломжтой.

ЛЭНДМН ХК-ААС “СИ ЖИ ЭФ”ХХК-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ, БАНКУУДТАЙ ЗЭРЭГЦЭНЭ. 

[MSE:LEND] Лэндмн ХК нь ногоон санхүүжилтийн нэгдсэн тогтолцоонд нэгдэх зорилгоор “Си жи эф”ХХК-д хөрөнгө оруулалт хийж, хувьцааг нь эзэмшихээр болсон байна. Одоогоор тус компанийн зүгээс ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийх талаар зарлаагүй байгаа.
“Си жи эф” ХХК нь Голомт банк, ХХБанк, Төрийн банк, Тээвэр хөгжлийн банк зэрэг дотоодын 8 байгууллагын хөрөнгө оруулалттай бөгөөд “Монголын ногоон санхүүгийн корпораци”ББСБ-ийг эзэмшдэг байна. Харин “Монголын ногоон санхүүгийн корпораци”ББСБ-ийн хувьд 2018 онд байгуулагдаж, Монгол Улсад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, тогтвортой хөгжилд хөтлөх санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх, ногоон зээлийн эх үүсвэр олгох зорилготой аж.

 

Гадаад мэдээ


⛓️‍💥“ЧӨЛӨӨЛӨЛТИЙН ӨДӨР”: ТРАМП ДЭЛХИЙН БАРАГ БҮХ УЛСЫН БАРААНД ИМПОРТЫН ТАТВАР ОНООХОД МОНГОЛ УЛС МӨН ХАМРАГДАВ.

Олон өдрийн өмнөөс “Чөлөөлөлтийн өдөр” хэмээн нэрлэж байсан дөрөвдүгээр сарын 2-ны Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн бараг бүх улсын бараа бүтээгдэхүүнд импортын татвар оноох шийдвэрээ зарлалаа.

Өөрөөр хэлбэл АНУ-ын бараа бүтээгдэхүүнд импортын татвар оноодог улс бүхэнд “хариу” татвар оноох арга хэмжээгээ зарласан юм

“Хариу” татварыг тооцохдоо тухайн улсаас АНУ-ын бараанд оноодог татварын тал орчим хувьтай тэнцэхээр тогтоосон байна. Гэхдээ уг татварын суурь хэмжээг 10 хувь байхаар тооцжээ.

Цагаан ордноос зарласан жагсаалтад дэлхийн 185 улсын нэр байгаагийн дотор Монгол улс багтсан байна.

Монгол улсын хувьд АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн импортын татвар оноодог үндэслэлээр 10 хувийн “хариу”татвартай болжээ. Харьцуулбал АНУ-ын бараанд 67 хувийн татвар оноодог үндэслэлээр Хятад улс 34 хувь, 39 хувийн татвар оноодог Европын Холбоо 20 хувь, 90 хувийн татвар оноодог Вьетнам улс 46 хувийн “хариу” татвартай болсон байна.

“2025 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр түүхэнд Америкийн аж үйлдвэрлэл дахин сэргэсэн, Америкчууд хувь заяандаа дахин эзэн болсон, Америкийг дахин баяжуулсан өдөр хэмээн дурсагдах болно” гэж Трамп шийдвэрээ зарлах үеэр хэлжээ.

Авсан арга хэмжээнийхээ зарчмыг тэр “Тэд бидэнтэй яаж харьцана, бид тэдэнтэй бас тэгж харьцана. Маш энгийн. Үүнээс илүү ойлгомжтой хэлэх боломжгүй” гэж тайлбарласан байна.

Өчигдөр Трамп бас АНУ-д импортлогдох бүх автомашинд 25 хувийн татвар оноох захирамждаа гарын үсэг зурсан юм.

Трампын авсан арга хэмжээнд өртсөн улс орнууд АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ижил төстэй хариу арга хэмжээ авахаа эртнээс мэдэгдэж байсан. Ойрын өдрүүдэд тэд тус тусын арга хэмжээгээ зарлах нь тодорхой байна. /IKON/

АНУ-ЫН БҮХ БАРААНД 34 ХУВИЙН НЭМЭЛТ ТАТВАР НОГДУУЛНА.

Хятад улс дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-аас импортолж буй бүх бараанд 34 хувийн нэмэлт татвар ногдуулна гэж Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комисс баасан гарагт мэдэгдэв.

Хятадаас АНУ-д нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд “харилцан татвар ногдуулах” шийдвэрийг Америкийн засаг захиргаа гаргасны дараа дээрх мэдэгдлийг хийжээ. Комисс уг шийдвэрийг олон улсын худалдааны дүрэм журамд нийцэхгүй, Хятадын хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироосон, нэг талыг баримталсан дээрэнгүй үйлдэл гэж үзэж байна.

АНУ-ын энэхүү алхам нь тус улсын өөрийнх нь ашиг сонирхлыг хохироогоод зогсохгүй дэлхийн эдийн засгийн хөгжил, аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд аюул учруулж байна гэж тус комиссын мэдэгдэлд дурджээ.

Хятад улсын зүгээс татвар ногдуулах шийдвэрээ нэн даруй цуцалж, худалдааны маргааныг харилцан зөвшилцөх замаар эрх тэгш, хүндэтгэлтэй, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан шийдвэрлэхийг АНУ-ын талд уриалсан байна.

© 2025 Unet Securities SC. All rights reserved. Developed by Mind Agency