Санхүүгийн зохицуулах хорооноос “Монголын хөрөнгийн зах зээлийг холбох нь” цуврал арга хэмжээг БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түвшин, зохицуулалтын орчин, хөрөнгө оруулалтын боломж, уул уурхайн салбарыг зах зээлээр дамжуулан санхүүжүүлэх нөхцөлийг танилцуулсан юм. Сүүлийн таван жилд зах зээлийн үнэлгээ 5.3 дахин өсөж, арилжааны хэмжээ 20.1 дахин нэмэгдэж 1.3 их наяд төгрөгт хүрснийг дурдав. Мөн уул уурхайн салбарын бүтээгдэхүүний биржийн арилжаа жилээс жилд идэвхжиж, өнгөрсөн онд 27.79 сая тонн бүтээгдэхүүн арилжаалагдсан нь өмнөх оноос 12 хувиар өссөн үзүүлэлт болсныг дурдаад, нүүрсний экспортын 24.3 хувь, төмрийн хүдэр, баяжмалын экспортын 67 хувь нь биржээр дамжин арилжаалагдаж буйг онцлов.
Энэхүү арга хэмжээнүүдийн үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлийн гадаад санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын сангууд, институциональ хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэн. Мөн өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо нь олон улсын нийт 16 байгууллагатай хамтран ажиллаж, Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын сүлжээнд холбох суурийг бүрдүүлээд байна.
© 2026 Unet Securities SC. All rights reserved. Developed by Mind Agency