Мэдээний огноо: 2025 оны 10 сарын 26
“БААСАН ГАРАГТ ТОП-20 ИНДЕКС +0.64%-ИЙН ӨСӨЛТ ҮЗҮҮЛЛЭЭ
Долоо хоногийн сүүлийн өдөр ТОП-20 индекс +0.64%-ийн өсөлт үзүүлсэн бол I ангилалын MSE A индекс +1.13%-иар өсч, II ангилалын MSE B индекс -0.09%-иар буурсан байна. ТОП 20 индексийн өсөлтөд [MSE:INV] Инвескор ХК (+7.24%), [MSE:SUU] Сүү ХК (+3.36%), [MSE:CUMN] Премиум нэксус ХК (+2.02%), [MSE:GLMT] Голомт банк ХК (+0.47%) зэрэг компанийн хувьцааны өөрчлөлт нөлөөлжээ.
Үнэт цаасны хоёрдогч зах дээр 743,657 ширхэг үнэт цаас арилжигдаж, хөрөнгө оруулагчид 1.17 тэрбум төгрөгийн гүйлгээ хийв. Үүнээс [MSE:KHAN] Хаан банк ХК-ийн хувьцаан дээр 54.8 сая төгрөгийн арилжааг хөрөнгө оруулагчид хийж тэргүүлэх гүйцэтгэл боллоо. Долоо хоногийн 5 өдөрт нийт 5.8 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжигдсан нь өмнөх долоо хоногоос -2.0 тэрбум төгрөгөөр буурсан дүн байна.
🏷️Шигтгээ: [MSE:SEND] Сэндли ХК-ийн хувьцаа -6.66%-ийн уналт хүлээснээр 138.15₮-т хаагдаж, энэ оны 6-р сараас хойшхи хамгийн доод түвшинд хүрсэн бөгөөд өнөөдрийн уналт -2.2 тэрбум төгрөгийн үнэлгээний алдагдлыг авчирлаа. Ингэснээр тус компани 30.8 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй болсон байна. Харин үнэлгээний хамгийн өндөр бууралтыг [MSE:ERDN] Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн ХК нь -23.2 тэрбумаар алдаж 1.3 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй боллоо.
Эх сурвалж: /Marketinfo/
ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА
Анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 40,000 ширхэг, 4.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.
Үнэт цаасны арилжааны мэдэгдэлтэй энд дарж танилцана уу.
“АРД ДААТГАЛ” ХК-ИЙН ЦЭВЭР АШИГ ₮4.3 ТЭРБУМ, “БОДЬ ДААТГАЛ” ХК-ИЙНХ ₮4 ТЭРБУМ ХҮРЛЭЭ
“Монгол даатгал” ХК III улирлын байдлаар ₮544.3 саяын алдагдалтай ажиллаж байна
Даатгалын компаниудын ашигт ажиллагаа нэмэгдлээ. Энэ оны III улиралд “Ард даатгал” компанийн даатгалын үйл ажиллагааны ашиг эхний хагас жилийн нийт дүнгээс давсан эерэг үзүүлэлттэй байна. Есдүгээр сарын эцэст тус компанийн даатгалын үйл ажиллагааны ашиг 11.9 тэрбум төгрөг хүрч, энэ оны байдлаар 4.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
III улиралд хөрөнгө оруулалтын өгөөж нь 3.6 орчим хувт байснаар хөрөнгө оруулалтын орлого 3.6 тэрбум төгрөг хүрсэн байна. Энэ нь ашиг ажиллагаа нь сайжрахад томоохон түлхэц болжээ.
Түүнчлэн “Бодь даатгал” компанийн цэвэр ашгийн хэмжээ III улиралд дөрвөн тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн байна. Хөрөнгө оруулалтын өгөөжийн түвшин нь бага зэрэг нэмэгдэж, 3.8 хувиас 3.9 хувь болж өсжээ. Үүний үр дүнд тус компанийн хөрөнгө оруулалтын орлого нэмэгдэж, өмнөх оноос 29 хувиар өссөн дүнтэй тайлан танилцууллаа.
Харин Монголын Хөрөнгийн биржид зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгчдийн нэг “Монгол даатгал” компанийн алдагдал үргэлжилсээр байна. Тус компани сүүлийн хоёр жилийн хугацаанд алдагдалтай ажиллаж буй бөгөөд энэ оны эхний хагаст үл ялиг ашгийн бүс рүү шилжээд байсан ч есдүгээр сарын эцэст хагас тэрбум төгрөгийн алдагдалтай байна.
“Монгол даатгал”-ын хөрөнгө оруулалтын өгөөж бусад даатгалын компанитай ижил түвшинд байгаа ч хөрөнгө оруулалтын хэмжээ бусад нээлттэй даатгалын компанийнхаас бараг дөрөв дахин бага буй нь ашгийн дүнд нөлөөлж байгаа аж.
Эх сурвалж: /Marketinfo/
“GOOGLE” КОМПАНИ ANTHROPIC”-ТАЙ ОЛОН ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР ҮНЭЛЭГДЭХ ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
“Google” компани хиймэл оюуны салбарт хурдтай өсөж буй “Anthropic” стартаптай хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ.
Энэ хүрээнд компанийн тусгай зориулалтын хиймэл оюуны нэг сая ширхэг хүртэлх чипийг нийлүүлэхээр болсон байна. Тус түншлэлийн гэрээ нь хэдэн арван тэрбум ам.доллароор үнэлэгдэхээр байгааг талууд баталгаажуулав. Хамтын ажиллагааны үр дүнд эхний ээлжид буюу 2026 оноос “Anthropic”-ийн тооцооллын хүчин чадал нэг гигаваттаар нэмэгдэнэ гэдгийг онцолж байна.
Харин “Google” томоохон хөрөнгө оруулагч болон хиймэл оюуны чухал дэд бүтцийн нийлүүлэгчийн хувиар байр сууриа бататгаж буйг тодотгосон байна.
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН ТӨЛӨВ
НЬЮ-ЙОРК, 10-р сарын 24 (Ройтерс) — АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлт энэ онд үргэлжлэх эсэх нь тун чухал долоо хоногийн сорилттой нүүр тулаад байна. Энэ долоо хоногт хөрөнгө оруулагчид томоохон технологийн (megacap) компаниудын ашиг орлогын тайлан, мөн Холбооны нөөцийн системийн (Federal Reserve) хоёр өдрийн бодлогын хурлын дараах хүү бууруулах шийдвэрийг анхааралтай ажиглана.
АНУ-Хятадын худалдааны зөрчил ойрын өдрүүдэд хурцдаж болзошгүй байгаа бөгөөд АНУ-ын засгийн газрын ажил хаялт үргэлжилснээр хөрөнгө оруулагчдын итгэлд тодорхойгүй байдал нэмэгдэж байна. Энэ сард хувьцааны ханш хэлбэлзэлтэй байсан ч S&P 500 индекс (.SPX) өнгөрсөн Баасан гарагт бүх цаг үеийн дээд хаалтын түвшинд хүрч, дөрөвдүгээр сараас хойш 36%-иар өсөөд байна. Индекс оны эхнээс хойш нийтдээ 15%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Гуравдугаар улирлын ашиг орлого нийт дүнгээрээ боломжийн сайн эхэлсэн ч Netflix (NFLX.O) болон Texas Instruments (TXN.O) зэрэг компаниудын сөрөг үр дүн тодорхой хэмжээний уналтыг авчирсан.
LSEG IBES-ийн мэдээллээр, тайлангаа гаргасан 143 компанийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 10.4%-иар өссөн байна. Одоогоор компаниудын 87% нь шинжээчдийн ашиг орлогын таамгийг, 82% нь орлогын хүлээлтийг давж гарсан нь түүхэн дундаж түвшнээс өндөр үзүүлэлт юм.
Ирэх долоо хоног хамгийн ачаалалтай үе байх бөгөөд 170 гаруй компани тайлангаа танилцуулах юм. Тэдний дунд Microsoft (MSFT.O), Apple (AAPL.O), Alphabet (GOOGL.O), Amazon (AMZN.O), Meta Platforms (META.O) зэрэг “Magnificent 7”-гийн тав нь багтаж байна. Эдгээр компаниудын хувьцаа нь зах зээлийн индексийг давамгайлж, сүүлийн жилүүдэд ашиг орлогоо хурдацтай өсгөсөн билээ.
Тэдний ашиг бусдаас илүү байгаа ч зөрүү бага зэрэг багасч байгаа гэж LSEG-ийн ахлах шинжээч Тажиндер Дхиллон мэдээлэв. Энэ улиралд “Magnificent 7”-гийн ашиг 16.6%-иар өсөх, харин бусад компанийнх 8.1%-иар өсөх төлөвтэй байна. Эдгээр мегакомпаниудын олонх нь хиймэл оюун ухааны салбарт гол үүрэгтэй бөгөөд энэ салбарын өсөлт нь хөрөнгийн зах зээлийн гол хөдөлгөгч хүчин хэвээр байна.
Мөн ирэх долоо хоногт Eli Lilly (LLY.N), Exxon (XOM.N), Chevron (CVX.N), Visa (V.N), Mastercard (MA.N) зэрэг компаниуд ашиг орлогын тайлангаа гаргана.
(Fed) одоо байгаа 4–4.25% бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулах төлөвтэй байгаа талаар Баасан гарагийн инфляцийн зөөлөн үзүүлэлтүүд бататгав. Энэ шийдвэр аль хэдийн зах зээлийн үнэд шингэсэн тул хөрөнгө оруулагчид Жером Пауэллийн мэдэгдэл дэх ирээдүйн чиглэлийн дохио дээр илүү анхаарах болно. Төв банк дараагийн хуралдаанаар, арванхоёрдугаар сард дахин хүү бууруулах хүлээлттэй байна.
📢 Саглимбене хэлэв:
“Хэрвээ Трампын хэлсэн хэмжээнд тариф өсвөл зах зээл илүү тогтворгүй, сөрөг хандлагатай болох магадлал өндөр,”
© 2026 Unet Securities SC. All rights reserved. Developed by Mind Agency