“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК НЬ “1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГААР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ, ҮРЖҮҮЛЦГЭЭЕ” УРИАТАЙ КАМПАНИТ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас санаачлан хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагууд, мэргэжлийн холбоод, хөрөнгийн биржид бүртгэлтэй 52 гишүүн үнэт цаасны компаниудаа уриалан, хөрөнгийн зах зээлд нэвтэрч буй бэлэн мөнгөний урсгалыг зүй зохистой удирдах, зохион байгуулах, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломж бололцоог иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе” кампанит ажлыг эхлүүлж байна./MSE.MN/
Хэрэв та сүүлийн 5 жилийн хувьцааны ногдол ашгаа зөв хөрөнгө оруулалт болгон ашигласан бол хөрөнгөө 2 дахин өсгөх боломжтой байжээ. Иймд цаашдаа ногдол ашгаа илүү ухаалгаар зарцуулж бодит үнэ цэнийг мэдрэх боломж танд байна.
Та энд дарж илүү дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.
🏛️ДОТООДЫН ХӨРӨНГИЙН ЗАХ 3-Р САРД ӨНДӨР ХЭМЖЭЭНИЙ УНАЛТЫГ ҮЗҮҮЛЛЭЭ.
Дотоодын хөрөнгийн зах 3-р сард өндөр хэмжээний уналтыг үзүүлсэн ба ТОП-20 индекс гэхэд -4.31%-иар унаж 50,000 нэгжээс доош бууж, зах зээл -603 тэрбумийн үнэлгээгээ алдав.
I ангилалын нөлөө бүхий ХК-иудын ногдол ашгийн бүртгэлийн өдөр дуусч, хөрөнгө оруулагчид хувьцааны нийлүүлэлтийг хийж эхэлсэн нь энэхүү уналтад голлон нөлөөлсөн бөгөөд уг нөхцөл байдал 4-р сарын эхэнд ч үргэлжилсээр байна.
Уламжлалт цагаан сар болсон тул харьцангуй цөөн буюу 18 удаагийн арилжаа хөрөнгийн бирж дээр явагдсан ч үнийн дүн өмнөх сарын хэмжээнд 30.5 тэрбумийн гүйлгээ хийгдлээ.
ЖИЖИГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН КОМПАНИУДАД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА.
Ногдол ашгийн хур буурсан 2024-2025 онд дотоодын хөрөнгийн зах зээлд жижиг хөрөнгө оруулагчдын идэвх хэрхэн өөрчлөгдөж байгааг онцолж байна
2025 оны эхний улиралд нээлтэй компаниудын хөрөнгө оруулагчдын нийт тоо давхардсан цэвэр дүнгээр 8533-аар нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилийн I улиралд 18 мянгаар нэмэгдэж байсантай харьцуулбал жижиг хөрөнгө оруулагчдын идэвх он гарсаар нэлээд суларчээ.
Компаниудын хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг харвал жижиг хөрөнгө оруулагчид үйлдвэрлэлийн салбарын компаниудад хөрөнгө оруулах сонирхолтой нь харагдаж байна. Тухайлбал: “Түмэн Шувуут” ХК-ийн жижиг хөрөнгө оруулагчдын тоо өнгөрсөн улиралд хамгийн их буюу 1000 орчмоор нэмэгдэж, 18.3 мянга хүрчээ. Харин 32 мянган иргэнд хувьцаагаа эзэмшүүлдэг АПУ ХК-ийн хувьд жижиг хөрөнгө оруулагчид нь 844-өөр нэмэгдсэн байгаа юм.
Хамгийн олон жижиг хөрөнгө оруулагчтай компаниудыг сонирхвол “Женко Тур Бюро” ХК 52 мянга, “Улсын их дэлгүүр” 43 мянга, ХААН Банк 33.5 мянган хувьцаа эзэмшигчтэй байна./BLOOMBERG/
🧈АЛТНЫ ҮНЭ 3200 АМ.ДОЛЛАРООС ДАВЖЭЭ.
Худалдааны дайн даамжирч байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай хөрөнгө худалдан авахаар яаравчлахад хүргэсэн бөгөөд ам.долларын ханш суларснаар өнөө өглөө нэг унц алтны үнэ 3200 ам.доллароос давж, шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.
Тодруулбал, алтны үнэ энэ долоо хоногт 5 гаруй хувиар өсөж 3219.73 ам.долларт хүрсэн байна. Ам.долларын ханш огцом суларч байгаа нь алтны ханш өсөх гол шалтгаан болж байна гэж “Tastylive” фирмийн шинжээч Илья Спивак хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараанд ногдуулах гаалийн татварыг 145 хувьд хүргэж нэмэгдүүлсний зэрэгцээ олон арван улс оронд ногдуулах гаалийн татвар үйлчилж эхлэх хугацааг 90 хоногоор хойшлуулсны дараа хөрөнгийн биржийн томоохон индексүүд мөн унасан байна.
Д.Трампыг татвар нэмэгдүүлэх шийдвэр гаргах бүрт Хятад улс хариу татварыг нэмэгдүүлсээр байгаа бөгөөд АНУ-ын бараанд ногдуулах татвараа 84 хувиас дээш өсгөж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна. “Capital.com”-ын санхүүгийн зах зээлийн шинжээч Кайл Родда хэлэхдээ, 3500 ам.доллар бол алтны дараагийн үнэ гэсэн байна.
Татвар тарифаас гадна Төв банкны эрэлт, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт, Ойрх Дорнод болон Европ дахь геополитикийн тогтворгүй байдал, алтаар баталгаажсан биржийн арилжааны сан руу орох урсгал нэмэгдсэн зэрэг нь энэ онд алтны ханш өсөхөд нөлөөлжээ./REUTERS/
🍎APPLE ДАХИН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ КОМПАНИ БОЛЛОО.
Америкийн технологийн “Apple” корпорац хувьцааных нь ханш огцом унасны дараа эргэн өссөнөөр дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтад тэргүүлэх байр сууриа эргүүлэн авчээ.
Өнөөдрийн байдлаар тус компанийн зах зээлийн үнэлгээ 2.99 их наяд ам.доллар болж дахин өслөө. “Apple”-ийн хувьцаа унасны дараа хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтыг тэргүүлж байсан “Microsoft”-ынх одоогоор 2.90 их наяд ам.доллароор үнэлэгдэж байна.
“Yahoo Finance” цахим хуудсанд мэдээлснээр, лхагва гаргийн арилжаа хаагдах мөчид “Apple” компанийн нэгж хувьцаа 198.85 ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх өдрийн арилжаатай харьцуулахад 15.33 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин “Microsoft”-ийн хувьцааны үнэ 10.13 хувиар өсөж, нэгж хувьцаа нь 390.49 ам.доллароор арилжаалагджээ.
Өнгөрсөн дөрвөн арилжааны явцад хувьцааных нь ханш 23 хувиар унаснаар “Apple” дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтад тэргүүлэх байр сууриа “Microsoft” компанид алдаад байсан юм. /CNBC/
© 2025 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency