Мэдээ

7 хоногийн тойм : Баяр амралт дуусч, Бодит байдал нүүр тулах уу 🤔 ?

Нийтэлсэн огноо: 2025-03-17

Дотоод мэдээ


СЗХ: Өр, орлогын харьцааг 40:60 болгон чангарууллаа

Төв банкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийн хүрээнд хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 50:50 болгож чангаруулж байгаагаа мэдэгдсэн.

СЗХ нь банк бус санхүүгийн байгууллага болон бусад зөвшөөрөл авдаг байгууллагуудын зээл олгох журманд өөрчлөлт оруулж, 40:60 болгон өр орлогын харьцааг чангатгалаа.

Манай экспортын гол түүхий эд нүүрсний ханш унасан. Цаашдаа ч энэ ханшийн уналт  үргэлжлэх төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцээд тарифаас үүдэлтэй хямрал ганцхан манай улс гэлгүй бүх улсын эдийн засагт эрсдэл дагуулж байна. Иймд олж байгаагаасаа хэд дахин үрэлгэн амьдрах нь эдийн засгийн том алдагдлыг учруулах эрсдэлтэй хэмээн үзэж өр, орлогын харьцааг чангаруулж байна. Өмнө нь өр орлогын харьцаа 30:70 байсныг ийнхүү босгыг нь өндөрсгөлөө.

🏦 Банкууд хувьцаа эзэмшлийн 20%-ийн шаардлагыг хангахаар ажиллаж байна уу?

Баяр наадмын өдрүүдэд арилжааны банкуудын ажиллах цагийн хуваарь DNN.mn

УИХ-аас Банкны тухай хуулийг шинэчлэн баталснаар банкны энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг нэг этгээд ( эсвэл холбоотой этгээд хамтран ) эзэмших боломжгүй болж байгаа билээ.

Харин хуулийн шаардлагыг банкууд 2024 оны эцэс гэхэд хангах ёстой байсан боловч дээрх хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр УИХурал 2026 он болгон хойшлуулсан байдаг.

Одоогоор системийн нөлөө бүхий банкуудаас [MSE:XAC] Хас банк ХК нь шаардлагыг хангах боломж бий. Учир нь банкны 94.99%-ийг Тэнгэр санхүүгийн нэгдэл эзэмшиж байгаа боловч уг нэгдлийн хамгийн өндөр 19.37%-ийг МАК Инвест Кей Эф Ти1 эзэмшдэг. Иймд Тэнгэр санхүүгийн нэгдэл ХХК-ийг [MSE:XAC] Хас банк ХК-нд нэгтгэх үйл ажиллагаа эхэлж, 2024 оны 4 сард хувьцаа эзэмшигчдийн шийдвэр нь гараад байгаа юм.

[MSE:KHAN] Хаан банк ХК-ийн хувьд 40.99%-ийг Эйч Эс Холдингс ХХК, 22.78%-ийг Таванбогд Холдингс ХХК эзэмшдэг тул хувьцаа эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай. Иймээс ирэх сарын 24-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаараа “Хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах шинэчилсэн төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцэхээр зэхэж байна. 

[MSE:GLMT] Голомт банк ХК мөн л шаардлага хангах ёстой тул 2025.04.17-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлтийн талаар хэлэлцэх төлөвтэй байна.

Саяхан [MSE:BOGD] Богд банк ХК-аас хэлбэрээ нээлттэй ХК-аас хаалттай ХК болгон өөрчилсөн нь мөн л дээрх шаардлагаас үүдэлтэй юм.

Эх сурвалж/Marketinfo/

Үнэт цаасны зах зээлийн арилжаа 11 хувиар нэмэгджээ

Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар энэ оны эхний 2 сард 108 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 10.7 (11 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

ТОП-20 дундаж индекс өнгөрсөн сард 52617.7 нэгж болж, өмнөх оны мөн үеийнхээс 9082.4, өмнөх сарынхаас 856.5 нэгжээр нэмэгдлээ. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн үнэлгээ энэ оны 2 дугаар сард 13.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн  үеийнхээс 1.7 (14.7 хувь) их наяд, өмнөх сарынхаас 174.7 (1.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Зах зээлийн нийт үнэлгээний 99.8 (13.4 их наяд төгрөг) хувийг Монголын хөрөнгийн бирж, 0.2  (20.9 тэрбум төгрөг) хувийг Улаанбаатар хөрөнгийн бирж тус тус эзэлжээ.

📊“Түмэн шувуут” ХК ₮1 тэрбумаар хувьцаагаа эргүүлэн худалдан авна

Түмэн шувуут” компани 2024 онд 14 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

“Түмэн шувуут” ХК нэг тэрбум төгрөгөөр хувьцаагаа эргүүлэн авч халааслахаа мэдэгдсэний дараа хувьцааны ханш нь 4.8 хувиар өслөө. Эргүүлэн худалдан авах саналын хугацаа тавдугаар сарын нэгнээс эхлэх бөгөөд энэ он дуустал үргэлжилнэ.

Хувьцаагаа эргүүлэн худалдан авснаар хувьцааны үнэд дэмжлэг болох ба нэгж хувьцаанд ногдох ашиг зэрэг санхүүгийн үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Ингэснээр хөрөнгө оруулагчдын хөрөнгийн үнэ цэнийг өсгөх зорилготой аж.

“Түмэн шувуут” ХК 2018 онд нийт хувьцааныхаа 25 хувийг буюу 50 сая ширхэг хувьцааг нэгжийг нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгож байлаа. Түүнээс хойш хувьцааны ханш нь бараг хоёр дахин өсөж, сүүлийн арилжаагаар 385 төгрөгт хаагдсан байна. 

Гадаад мэдээ


Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээжээ

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 20 /Reuters/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэгч Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэрийг хоёр дахь удаагаа гаргалаа. Ерөнхийлөгч Дональд Трампын худалдаа, эдийн засгийн урьдчилан таамаглах аргагүй бодлогын улмаас ХНС-гийн бодлого боловсруулагчид эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулсан байна.

Тодруулбал, Төв банк жишиг хүүгээ 4.25-4.5 хувийн хооронд хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Бодлого боловсруулагчдын мэдэгдсэнээр, эдийн засгийн идэвхжил тогтвортой өрнөж, ажилгүйдлийн түвшин сүүлийн саруудад бага хэмжээнд  тогтворжсон байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт саарч магадгүйг сануулаад, 10-12 дугаар сарын ДНБ-ий өсөлт 2.1 хувьтай байна гэж урьдчилсан таамаглаж байсныг 1.7 хувь болгон бууруулжээ.

ХНС-гийн дарга Жером Пауэлл эдийн засгийн тодорхойгүй байдал улам бүр нэмэгдэж байгааг онцолжээ. Шинэ засаг захиргаа худалдаа, цагаачлал, төсвийн бодлого, зохицуулалт гэсэн дөрвөн өөр чиглэлээр бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж байна. Сүүлийн үед эдгээр салбарт, ялангуяа худалдааны бодлогод олон өөрчлөлт гарч байгаа ч тэдгээрийн эдийн засгийн төлөв байдалд үзүүлэх нөлөө нь тодорхойгүй байна гэж тэрбээр хэллээ. Ж.Пауэлл мөн татварыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор инфляц өсөж эхэлснийг дурдсан байна.

Эх сурвалж: /Montsame/

© 2025 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency