Мэдээний огноо: 2025 оны 11 сарын 23
ТОП 20 ИНДЕКС 11 САР ГАРСНААС ХОЙШ +3.87%-ИАР ӨСӨӨД БАЙНА
Энэ долоо хоногт дөрвөн өдрийн арилжаа явагдаж хаалаа. Сүүлийн буюу пүрэв гарагт ТОП 20 индекс +0.19%-ийн өсөлт үзүүлснээр 51,706.35 нэгжид хүрч, 11 сар гарснаас хойш +3.87%-иар өсөөд байна. I ангиллын MSE A индекс мөн +0.37%-ийн, II ангиллын MSE B индекс +0.96%-иар өсчээ. [MSE:TTL] Тавантолгой ХК (+2.70%), [MSE:XAC] Хас банк ХК (+1.08%), [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК (+0.67%), [MSE:MNDL] Мандал даатгал ХК (+2.91%) зэрэг хувьцаанууд ТОП-20 индексийн өсөлтөд хөтлөв.
Үнэт цаасны хоёрдогч зах зээлд 45 компанийн үнэт цаас 310.7 сая төгрөгөөр арилжигдсан ч энэ нь сүүлийн 1 сарын хамгийн бага дүнтэй арилжааны өдөр боллоо.
Тавантолгой ХК-ийн хувьцааны(+2.70%) өсөлтийн дүнд 31,960.0₮-т хаагдснаар энэ оны 3-р сараас хойшхи хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Мөн өнөөдөр +44.2 тэрбум төгрөгөөр зах зээлийн үнэлгээ нь нэмэгдэж 1.68 их наяд төгрөгт хүрлээ.
🔵 “СҮҮ” ХК-ИЙН III-Р УЛИРЛЫН ЦЭВЭР АШИГ -34.5%-ИАР БУУРАВ
Тайлант хугацаанд тус компанийн борлуулалтын орлого 164.6 тэрбум төгрөгт хүрч, 2024 оны 3-р улирлын гүйцэтгэлээс 23.3 тэрбум төгрөг буюу +16.5%-иар өссөн байна. Харин өмнөх оны мөн үед нэгж хувьцаандаа EPS = 43₮-ийн ашиг хийж байсан бол энэ жил EPS = 28₮- болж -34.5%-иар буурчээ. Том дүнгээр нь харвал цэвэр ашиг 14.6 тэрбумаас буурч 9.59 тэрбум төгрөгт хүрэв.
Ашигт ажиллагаа буурсан ч хувьцааны ханш нь хоёрдогч зах дээр өсөлттэй байна. Оны эхнээс компанийн ханш +41.0%-ийн өсөлт үзүүлэн 620.84₮-т хүрээд байгаа бөгөөд энэ нь сүүлийн 52 долоо хоногийн дээд ханш (700.11₮)-аас 11.3%-иар доош, мөн хугацааны доод ханш (408.0₮)-аас +52.2%-иар дээр түвшинд байна.
Үнэ ашгийн харьцаа PE = 22.2 байгаа нь одоогийн зах зээл дээрх хувьцааны ханш нь хангалттай дээд түвшиндөө хүрсэнийг харуулж байна.
Эх сурвалж: /Marketinfo/
БИТКОИНЫ ХАНШ 5 ХУВИАР УНАЖЭЭ
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /Anadolu/. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгийн шийдвэртэй холбоотой макро эдийн засгийн тодорхойгүй байдлын улмаас мягмар гарагт биткоины ханш 5.2 хувиар унаснаар сүүлийн долоон сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрчээ.
Дэлхийд хамгийн их эрэлттэй уг криптовалют мягмар гаргийн өглөөний байдлаар 90 100 ам.доллароор арилжаалагдаж байсан нь энэ оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод үзүүлэлт боллоо. Түүнчлэн түр хугацаанд 90 000 ам.доллароос доошилсон байна.
“CoinMarketCap” цахим хуудасны мэдээллээс үзэхэд, биткоин зэрэг дэлхийн криптовалютын зах зээлийн үнэлгээ сүүлийн 24 цагийн дотор 4.5 хувиар буурч, 3.09 их наяд ам.доллар болжээ. Ингэснээр мягмар гаргийн байдлаар биткоины ханш долоо хоногийн хугацаанд 15.3 хувиар унасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татвар ногдуулах шийдвэр дэлхийн санхүүгийн зах зээлийг донсолгосны дараа биткоины ханш 2025 оны дөрөвдүгээр сард 74 400 ам.доллар болж унаж байлаа.
Зах зээлийн үнэлгээгээр хоёрдугаарт ордог криптовалют болох эфериумын ханш мөн 5.4 хувиар буурч, 3013 ам.доллар болжээ. Дэлхийн крипто зах зээл нь мөнгөний бодлогын тодорхойгүй байдал, Холбооны нөөцийн сангийн гишүүдийн санал зөрөлдөөн, зах зээлийн үнэлгээний талаарх болгоомжлол зэргээс шалтгаалан хүнд цохилтод ороод байна. Макро эдийн засгийн тодорхойгүй байдал, корпорацууд биткоиноос татгалзаж байгаа, ашиг олох сонгодог аргуудыг сонгож байгаа зэрэг нь криптовалютын ханш унахад нөлөөлж байгаа бөгөөд биткоины ханш 100 мянган ам.доллароос доошилсоор байгаа нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд нөлөөлсөн гэдгийг шинжээчид онцолжээ.
WALL ST ИРЭХ ДОЛОО ХОНОГ: BLACK FRIDAY ЗАХ ЗЭЭЛИЙН САВЛАГААТАЙ ҮЕД ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАРЦУУЛАЛТАД АНХААРАЛ ТӨВЛӨРҮҮЛЖ БАЙНА
НЬЮ-ЙОРК, 11-р сарын 21 (Reuters) – АНУ-ын хөрөнгийн зах зээл энэ сард таагүй байдалтай байгаа үед хөрөнгө оруулагчид ирэх долоо хоногт хэрэглэгчдийн худалдан авах чадварыг анзаарахыг хичээнэ. Учир нь Black Friday нь баярын улирлын худалдан авалтын эрчийг тодруулах гол үйл явдал болдог.
11-р сард хувьцааны өсөлт саарч, S&P 500 индекс энэ сардаа 4%-иас илүү унаад байна. Nvidia (NVDA.O)-ийн сайн улирлын тайлан ч пүрэв гарагт зах зээлийг тогтворжуулж чадсангүй. Зах зээл өндөр үнэлгээ, хиймэл оюун ухааны дэд бүтэц дээрх асар их хөрөнгө оруулалтын өгөөжийн талаарх эргэлзээнээс болж савлагаатай хэвээр байна.
Хэрэглэгчийн зарцуулалт нь АНУ-ын эдийн засгийн гуравны хоёрыг бүрдүүлдэг тул одоо Уолл Стрийтийн гол анхаарлын төвд орж байна.
Долоо хоногийн арилжаа Пүрэв гарагт Thanksgiving баяраар тасалдаж, түүнээс хойш Black Friday, дараа нь Cyber Monday болон жилийн төгсгөлийн томоохон хямдрал, урамшууллууд үргэлжилнэ.
📢 Commonwealth Financial Network-ийн зах зээлийн стратегич Крис Фашиано хэлэв:
“Энэ жил мэдээлэл багатай байгаа учир Black Friday, Cyber Monday-ийн эхний тоон мэдээллүүд сэтгэлзүйн хувьд маш чухал”
S&P 500 индекс энэ оны эхнээс 11% өссөн хэвээр байгаа ч аравдугаар сарын сүүлийн дээд үзүүлэлтээс 5%-иар доогуур байна. Харин VIX индекс пүрэв гарагт дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв. Хувьцааны зах зээлийн хэлбэлзэл нь баярын үеэр хэрэглэгчдийн зарцуулалтад нөлөөлж болзошгүй, ялангуяа хөрөнгийн зах зээлд ихээхэн хөрөнгө оруулалттай өндөр орлоготой бүлгүүдийн хувьд.
“Хэрэв зах зээл үргэлжлэн унавал өндөр орлоготой хүмүүсийн хөрөнгө буурч, тэд өнгөрсөн жилүүд шигээ зарцуулахаа болих эсэх нь сонирхолтой” хэмээн Wells Fargo Investment Institute-ийн Даг Бит хэлэв.
АНУ-ын Үндэсний Жижиглэн Худалдааны Холбооны мэдээлснээр, энэ жилийн баярын борлуулалт анх удаа 1 их наяд ам.доллар давна гэж хүлээгдэж байгаа ч өсөлт нь 3.7–4.2% буюу өнгөрсөн оны 4.3%-аас удааширчээ.
Өрхүүдийн санхүү “маш сайн түвшинд” байгаа боловч ажил эрхлэлтийн өсөлт саарч буй нь зарцуулалтад дарамт үүсгэж магадгүй гэж Oxford Economics-ийн ахлах эдийн засагч Майкл Пирс хэлэв.
“Хэрэглэгчийн зарцуулалтын хамгийн чухал хүчин зүйл бол хөдөлмөрийн зах зээлийн эрүүл байдал” гэж тэр хэлсэн.
Импортын тариф зэрэг хүчин зүйлээс үүдэлтэй өндөр инфляци ч хэрэглэгчийн зарцуулалтыг дарамталж болзошгүй.
Баярын худалдан авалт жижиглэн худалдаачдын хувьд амин чухал. Walmart (WMT.N) жил жилийн таамгаа өсгөж, жилийн төгсгөлд итгэлтэй буйгаа илэрхийлсэн. Харин бусад зарим компаниудын тайлан харилцан адилгүй гарчээ.
Ирэх мягмар гарагт АНУ-ын жижиглэнгийн борлуулалтын тайлан гарах бөгөөд энэ нь хэрэглэгчийн төлөв байдлыг дахин илүү тодорхой харуулах үзүүлэлт юм. Уг тайлан shutdown-с болж хойшлогдоод байсан.
Morgan Stanley-ийн эдийн засагчид Пүрэв гарагт гаргасан тэмдэглэлдээ: “Бид 12-р сард хүүг бууруулна гэж үзэхээ больсон. Харин 2026 онд гурван удаагийн бууралт хүлээж байна” гэжээ.
© 2026 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency