Мэдээ

Баасан гарагт ТОП 20 индекс +0.35%-р өсөв

Нийтэлсэн огноо: 2025-09-15

Мэдээний огноо: 2025 оны 09 сарын 15

ДОТООД МЭДЭЭ

Монголын хөрөнгийн бирж

БААСАН ГАРАГТ ТОП-20 ИНДЕКС +0.35%-ИАР ӨСЧ 48,984.40 НЭГЖИД ХААГДАВ

[ХЗЗ-ийн тойм: 2025.09.12] Өнөөдөр сагсандаа 20 компанийг багтаасан ТОП-20 индекс +0.35%-иар өсч 48,984.40 нэгжид хаагдсан бол I ангилалын MSE A индекс +0.64%-иар, MSE В индекс +0.13%-иар мөн өссөн байна. [MSE:KHAN] Хаан банк ХК (+2.01%), [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК (+2.14%), [MSE:TTL] Тавантолгой ХК (+0.73%), [MSE] Монголын хөрөнгийн бирж ХК (+2.02%) зэрэг I самбарын хувьцааны өсөлт зах зээл ногоорч хаагдахад дэмжлэг болов. 

Шигтгээ: [MSE:ERDN] Эрдэнэ ресурс дев.корп ХК-ийн ханш +2.89%-аар өсч 18,900.0₮-т хаагдснаар тус компанийн зах зээлийн үнэлгээ +32.3 тэрбум төгрөгөөр нэмэгдснээр 1.15 их наяд төгрөгийн үнэлгээтэй боллоо.

Монголын хөрөнгийн биржийн арилжааг харвал 1.1 сая гаруй ширхэг үнэт цаас 446.9 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Эх сурвалж: /Marketinfo/

ГОВЬ ХК-ИЙН 1₮-ИЙН ХӨРӨНГӨД 1.09 ТӨГРӨГИЙН ӨР ТӨЛБӨР НОГДОЖ БАЙНА

[MSE:GOV] Говь ХК нь хөрөнгийн зах зээлээс гарч ХХК болж байна. Үүнтэй холбоотой хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарсан бол одоо Монголын Хөрөнгийн Бирж болон Санхүүгийн Зохицуулах Хорооны бүртгэлээс хасуулах ажил үлдэж байгаа.

Компанийн зүгээс дээрх шийдвэртэй холбогдуулан хувьцаа эзэмшигчдээсээ нэгж хувьцаагаа 259₮-өөр худалдан авах болсноо зарлав. Энэ нь хувьцааны зах зээлийн ханшаас +7.92%-иар дээгүүр байгаа юм. Харин [MSE:GOV] Говь ХК-ийн сүүлийн 52 долоо хоногийн дундаж ханш 248.0₮-тэй байна.

Компанийн сүүлд зарласан санхүүгийн гүйцэтгэлийг харвал 2025 оны эхний хагас жилд 356.4 тэрбум төгрөгийн хөрөнгө байгаа боловч 388.7 тэрбум төгрөгийн өртэй байна. Өөрөөр хэлбэл 1₮-ийн хөрөнгөд 1.09 төгрөгийн өр төлбөр ногдож байгаа бол -19.17 тэрбумийн алдагдлыг хүлээсэн. Нэгж хувьцаанд ногдох алдагдал -24.58₮ байна.

Эх сурвалж: /Marketinfo/

ГАДААД МЭДЭЭ

FITCH АГЕНТЛАГ ЗЭСИЙН ҮНИЙН ТААМГАА ӨСГӨЖЭЭ

НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 11 /fitchratings.com/. Олон улсын зэрэглэл тогтоогч “Fitch Ratings” агентлаг төмрийн хүдэр, нүүрс, өнгөт болон үнэт металлуудын үнийн богино болон дунд хугацааны таамаглалыг шинэчлэн гаргажээ. Тус агентлаг эдгээр үнэлгээг салбарын компаниудын үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтийг урьдчилан таамаглахад ашигладаг байна.

Зэсийн үнийн  2028 он хүртэл болон дунд хугацааны таамгийг өсгөсөн нь уг металлын эрэлт хэрэглээ тогтвортой өсөж байгаа болон нөөц нь багасаж буйг харууллаа. Дэлхийн эдийн засаг суларч байгаа хэдий ч, эрэлт тогтвортой нэмэгдэж байгаатай холбоотойгоор, тэр дундаа  БНХАУ-д эрэлт их байгаа тул цэвэршүүлсэн зэсийн хэрэглээ 2-3 хувиар өснө гэж тус агентлагийн шинжээчид таамаглаж байна. Зэсийн нийлүүлэлт мөн 1.5-2 хувиар өсөх төлөвтэй байна.

“Бид мөн төмрийн хүдэр, Австралийн нүүрс болон цагаан алтны бүлэгт хамаарах металлуудын үнийн талаарх богино хугацааны таамгаа өсгөж, никелийн үнэлгээг бууруулсан нь он гарснаас хойших үнийн өөрчлөлттэй холбоотой” гэж агентлагийн мэдээнд дурджээ.

Fitch агентлагийн таамаглаж буйгаар, хөнгөн цагааны эрэлт энэ онд 74 сая тонн байгаа бөгөөд 2030 он гэхэд 80 сая тонн болж нэмэгдэнэ. Энэхүү эрэлтийг хангахын тулд шинэ үйлдвэрүүд байгуулагдана гэж таамаглаж байна. 

2028 оны цайрын үнийн таамгийг мөн өсгөсөн нь тухайн жилд дэлхийн зах зээлд хомсдол үүсэх магадлал нэмэгдэж байгааг харууллаа.

“Геополитикийн эрсдэлтэй үед найдвартай хөрөнгийн хувиар алтны үнэ цаашид өсөх төлөвтэй байгаа нь 2025-2026 онд болон дунд хугацааны таамгийг өндөр байлгах үндэслэл болж байна. Ам.долларын ханш суларсантай холбоотой болгоомжлолоос үүдэн алт руу хийх хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр уг металлын үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн” гэж тоймд дурджээ.

2025 онд цагаан алтны бүлэгт хамаарах металлын үнэ өндөр байх таамаг тавьж байгааг энэ оны үнийн хэлбэлзэлтэй холбон тайлбарлаж байна. “Өмнөд Африкт энэ оны эхээр нийлүүлэлт тасалдсан, татварын асуудал болон дамын наймаанаас үүдэн нөөц хуримтлагдсан тул үнийн өсөлт түр зуурынх” гэж  агентлагийн шинжээчид үзэж байна. Цагаан алт болон палладийн нийлүүлэлт хангалттай бөгөөд эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй хэвээр байх аж.

Литийн үнийн таамаг богино хугацаанд өндөр байгаа дэлхийн литийн олборлолтын 6 орчим хувийг бүрдүүлдэг Хятад дахь уул уурхайн компаниудын үйл ажиллагаа гурван сар зогссоны дараа спот зах зээл дээр үнэ огцом өсөлттэй холбоотой. 2028 он хүртэлх үнийн таамгийг ихээхэн өсгөсөн нь цахилгаан авто машинд литийн эрэлт нэмэгдэхтэй холбоотой гэж тайланд дурджээ.

Wall Street

📈ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД СУЛ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ФРС ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙГААГ АНХААРЧ БАЙНА. ХҮҮ БУУРАЛТ ОЙРТОЖ БАЙНА.

НЬЮ-ЙОРК, 9-р сарын 12 (Ройтерс) – Хөрөнгө оруулагчид ирэх долоо хоногт болох хурал дээр Холбооны Нөөцийн Сан (ФРС) АНУ-ын сул хөдөлмөрийн зах зээлд хэр их санаа зовниж буйгаа хэрхэн илэрхийлэхийг анхаарах бөгөөд ФРС есөн сарын дараа анх удаа бодлогын хүүгээ бууруулж, ажил эрхлэлтийг дэмжинэ гэж хүлээж байна.

Пүрэв гарагт гарсан инфляцын мэдээлэл хүлээлтээс арай өндөр гарсан ч зах зээлийн оролцогчид энэ нь ФРС-ийг ирэх Лхагва гарагт хүүг бууруулахаас нь татгалзуулна гэж үзсэнгүй. Харин хэчнээн хэмжээний бууралт хийх болон дараагийн саруудад хэдий хэрээр хүүг бууруулах вэ гэдэг нь илүү тодорхойгүй хэвээр байна.

Commonwealth Financial Network-ийн зах зээлийн стратегич Крис Фассиано хэлэхдээ:

“Сүүлийн үед худалдаа болон төсвийн бодлогод тогтвортой байдал бий болж байгаа тул хөрөнгө оруулагчдын хувьд ФРС гол анхаарлын төвд эргэн орлоо. Хөдөлмөрийн зах зээл суларч байгаа учраас ФРС-ийн хариу арга хэмжээ хөрөнгө оруулагчдын хувьд гол сэдэв болж байна”

ФРС хүү бууруулна гэсэн хүлээлт нь АНУ-ын гол индексүүдийг дээд түвшинд хүргэхэд хувь нэмэр оруулсан. Үүнд хиймэл оюун ухааны хүлээлт, компанийн ашиг орлогын өсөлт болон Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын нөлөөнөөс үүдэх эдийн засгийн эрсдэлийн айдсыг багасгасан явдал ч нөлөөлөв. S&P 500 индекс 2025 он гарсаар 12% өсөөд байна.

LSEG-ийн мэдээлснээр, Пүрэв гарагийн байдлаар фьючерсийн зах зээл ирэх Лхагва гарагт ФРС 25 суурь нэгжээр (bps) хүү бууруулах магадлалыг 90% гэж үзэж байгаа бол үлдсэн 10%-д нь илүү том буюу 50 bps бууралт орох хувилбар байна.

DataTrek Research-ийн хамтран үндэслэгч Николас Коласын тооцоогоор 1990 оноос хойш ФРС 55 удаа хүү бууруулснаас 60% нь 25 bps-ийн бууралт байжээ. Харин 50 bps бууралтын 18 удаагийн ихэнх нь эдийн засгийн уналтын үед эсвэл дараа нь тохиосон байна. Цорын ганц онцгой тохиолдол нь 2024 оны 9-р сард байсан ба тэр жил нийт 100 bps-ээр гурван удаагийн бууралтыг хийсэн.

“Энэ түүхэн жишгээс харахад хэрэв энэ удаа 50 bps бууруулбал ФРС АНУ-ын эдийн засгийн ойрын ирээдүйн талаар ихээхэн санаа зовниж буйг илтгэнэ” гэж Колас бичжээ.

2025 он гарснаас хойш ФРС хүүг өөрчлөлгүй барьж ирсэн. Жером Пауэлл болон бусад албаныхан Трампын импортын тариф инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлийг харгалзан үзэж, хүүг бууруулахад болгоомжтой хандсан юм. Харин сүүлийн мэдээллээр 8-р сард хэрэглээний үнийн индекс жилийн 2.9%-иар өссөн бөгөөд энэ нь 1-р сараас хойших хамгийн өндөр сарын өсөлт байлаа.

PNC Financial Services Group-ийн стратегич Юнг-Ю Ма:

“ФРС инфляцаас илүү хөдөлмөрийн зах зээлийг дэмжихэд анхаарал ёстой гэж хөрөнгө оруулагчид сонсохыг хүсэж байна. Сүүлийн хоёр сарын сул ажлын байрны тайлангийн дараа шинэ тооцоогоор эдийн засаг өмнө нь мэдээлэгдсэнээс 911,000-р бага ажлын байр шинээр бий болгосон нь анхаарал татаж байна”

Уолл Стрит бас технологийн салбар, ялангуяа хиймэл оюун ухааны (AI) хөрөнгө оруулалт руу анхаарлаа хандуулж байна. Лхагва гарагт Oracle компанийн хувьцаа 36%-иар өсөж, компанийн үнэлгээ бараг $1 их наяд болжээ. Энэ нь олон тэрбум долларын үүлэн тооцооллын гэрээнүүдтэй холбоотой бөгөөд AI-н уралдаанд тооцоолох хүчин чадлын эрэлт эрс нэмэгдэж байгааг харууллаа.

📢Өнөөдрөөс хөрөнгө оруулж эхэлье! 🚀📈
Unet SC апп-аа татаж амжаагүй бол яг одоо татаж аваарай. Хөрөнгө оруулагч болоход хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол бид тусалъя⬇️

© 2025 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency