“Премиум Нэксус” ХК үнэт цаасны судалгаа, үнэлгээ

 

2021 онд IPO хийж 165 салбартай байсан CU өнөөдөр 495 салбартай болж, 7 жилийн ойгоо 500 дахь дэлгүүрээ нээж угтлаа.

Монголын конвиниенс дэлгүүрийн зах зээлд богино хугацаанд эрчимтэй өсөж буй тус компанийн санхүүгийн үзүүлэлт болон цаашдын төлөвийг таамагласан судалгааны үр дүнг танилцуулъя.

🚀 Бизнесийн тэлэлт

“Премиум Нэксус” ХК нь 2021 оны 11-р сард олон нийтэд нээлттэй компани болсноос хойш 2022 онд “Сиркл Чейн” ХХК-ийн 12 дэлгүүрийг, 2024 онд “Чингис Шар Айраг” ХХК болон “Стора Централ” ХХК зэрэг хэд хэдэн компаниудыг нэгтгэн авч, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Эдгээр үйл явдлууд нь компанийн санхүүгийн үр дүн болон үнэт цаасны ханшид мэдэгдэхүйц нөлөө үзүүлжээ.

🏪  Зах зээлд эзлэх байр суурь

2025 оны эхний хагас жилийн байдлаар CU болон GS25 нийлээд нийт 722 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 64%-ийг CU эзэлж байна. CU-ийн борлуулалтын орлого тогтвортой өсөж байгаа нь тайлангийн үзүүлэлтүүдээс харагдаж байгаа ба 2025 оны 1-р хагас жилийн байдлаар нийт жижиглэн худалдааны салбарын борлуулалтын орлогын 2.1%-г эзэлж байна. 2024 оноос цэвэр ашиг нь эерэг болж ашигтай ажиллаж эхэлсэн ба 2025 онд ч мөн ашигт ажиллагаа үргэлжилж байна.

Монгол Улсад 4,913 хүн тутамд нэг конвиниенс дэлгүүр ногдож байгаа нь дэлхийн дундажтай ойролцоо үзүүлэлт юм. Энэ нь зах зээлд шинээр нэвтрэх бизнесүүдэд өрсөлдөөн өндөр байгааг илтгэж байна. CU дэлгүүрийн хувьд энэхүү үзүүлэлт нь хот болон аймгуудад ялгаатай байгаа буюу Улаанбаатар хотод 4,281, харин аймгуудад 21,667 хүн тутамд нэг CU дэлгүүр ногдож байна. Тиймээс цаашид аймгуудад дэлгүүр нээх замаар тэлэх боломжтой юм.

 📈 Үнэлгээ

Зах зээлийн хүчин зүйлс дээр үндэслэн “Премиум Нэксус” ХК-ийн үнэлгээг хийхдээ дараах таамаглал (assumption) дээр үндэслэн борлуулалтын орлогыг таамаглав. “Премиум Нэксус” ХК нь нэг дэлгүүрт ногдох хүн амын тоог олон улсын дундаж утгат хүргэх замаар дэлгүүрийн өсөлтийг хадгална. Ингэхдээ аймаг бүрийн хүн амд суурилсан хэлбэрээр салбаруудыг жигд тархаан өсгөнө. Мөн нэг хэрэглэгчийн худалдан авалтын дүнг нэрлэсэн дүнгээр 17.8 мянган төгрөгт хүргэх замаар үр ашигт байдлыг сайжруулж борлуулалтын орлогоо нэмэгдүүлнэ.

Эдгээр стратегийг хэрэгжүүлснээр борлуулалтын орлогын өсөлтийг 15%-д барих ба цэвэр ашгаас бий болох мөнгөн урсгалыг хорогдуулах замаар үнэлгээг тооцоолон үзлээ. Үр дүнд компанийн үнэлгээ 392.9 тэрбум төгрөг, нэгж хувьцаанд ногдох үнэлгээ нь 352.6 төгрөг байна. Зах зээлийн үнэлгээ нь 2025 оны 6-р сарын байдлаар 207.7 төгрөг байгаа нь тус компанийн хувьцаа хямдхан үнэлэгдэж байгааг илтгэж байна. Олон улсын бусад конвиниенс болон сүлжээ дэлгүүрүүдийн бизнестэй харьцуулан үзэхэд мөн үнэлгээний үр дүнг дэмжиж байна.

🎯 IPO амлалт

“Премиум Нэксус” ХК-ийн хувьд анх 2021 онд олон нийтэд танилцуулж байсан үнэт цаасны танилцуулга дээрх санхүүгийн гүйцэтгэлдээ борлуулалтын орлого, дэлгүүрийн тоо, нийт хөрөнгийн үзүүлэлтүүд дэх амлалтдаа хүрсэн харагдаж байна. Мөн цэвэр ашгийн хувьд 2024 оноос эхлэн таамаглалдаа хүрч эхэлжээ.

© 2025 Unet Securities SC. All rights reserved. Developed by Mind Agency