Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны орлого 2.4 дахин буурчээ.
[MSE] Монголын хөрөнгийн бирж ХК-аас энэ оны 1-р улирлын санхүүгийн үр дүнгээ танилцуулав. Компани 2024 оны эхний 3 сард 7.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан бол энэ жилийн хувьд -13%-иар буурч 6.35 тэрбумийн ашиг олсон байна.
Ашгийн бууралтад арилжааны шимтгэлийн орлогын бууралт голлох нөлөөг үзүүлжээ. 2024 оны 1-р улиралд 3.75 тэрбум төгрөгийн орлогыг арилжаанаас олж байсан бол 2025 онд 1.55 тэрбум төгрөг болж 2.4 дахин буурсан аж.
Тухайлбал, үнэт цаасны арилжааны гүйцэтгэлийг харвал 2024 оны мөн хугацаанд хоёрдогч зах дээр 164.1 тэрбум төгрөгийн арилжаа явагдаж байсан бол 2025 оны 1-р улиралд 83.4 тэрбум төгрөг болж буурчээ. Мөн нүүрсний арилжаа ихээхэн буураад байгаа.
Харин уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулах болсноор хүүгийн орлогоос багагүй нэмэлт орлого олох болсон байдаг. Энэ жилд 7.37 тэрбумийг олсон нь өмнөх оны мөн үеэс +15% орчим хувиар өссөн таатай үзүүлэлттэй байна.
Голомт банк ХК гадны хөрөнгийн бирж дээр гарах ажлыг судалж байна
Системийн нөлөө бүхий банкууд 2026 онд багтаан 20%-ийн эзэмшлийн шаардлагыг хангах ёстой билээ. Энэ хүрээнд [MSE:GLMT] Голомт банк ХК-ны зүгээс Лондон болон Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах асуудлыг судалж холбогдох гадны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаа талаар банкны гүйцэтгэх удирдлагын зүгээс хувьцаа эзэмшигчиддээ мэдэгдэв.
04-р сарын 17-ны өдөр болсон хурлаар мөн тус банкны 2.57%-ийг эзэмшиж буй Голомт Инвестмэнт Лимитед нь татан буугдаж байгаа учраас эзэмшил хувьцааг нь Бодь Интернэшнл ХХК-д шилжүүлэх асуудлыг шийдвэрлэлээ.
Бодь Интернэшнл ХХК нь 3.42%-ийг эзэмшиж байгаа тул дээрх шийдвэрийн үр дүнд 5.99% болж нэмэгдэх хүлээлттэй байна.
ЗГДҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдлаа
2025 оны 4 дүгээр сарын 16-нд Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 6 сар болон 2 жилийн хугацаатай, нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2 төрлийн бондыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгосон бөгөөд хөрөнгө оруулагчдаас 6 сарын хугацаатай бондод 4.6 дахин, 24 сарын хугацаатай бондод 4.2 дахин их захиалга буюу нийт 43.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нийт 60 ширхэг захиалга ирүүллээ
Үнэт цаасны төрөл | Хугацаа | Санал болгосон үнийн дүн, төг | Захиалгын үнийн дүн, төг | Жигнэсэн дундаж хүү |
Хямдруулалттай | 26 долоо хоног | 5,000,000,000 | 22,801,700,000 | 9.466% |
Купонтой | 2 жил | 5,000,000,000 | 20,923,400,000 | 10.477% |
Нийт | 10,000,000,000 | 43,725,100,000 |
Топ-100 аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргахад хялбар боллоо
СЗХ-ны хуралдаанаар ТОП-100 аж ахуйн нэгжээс үнэт цаас гаргахад тавих шалгуурыг багасгаж, хялбар шуурхай бүртгэхээр “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”, “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Тодруулбал, ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсан компанид нийтэд санал болгон анх удаа хувьцаа /IPO/ гаргахад хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүй, нэг жилийн хугацаатай 5 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бонд гаргахад барьцаа, батлан даалт, андеррайтертай гэрээ байгуулахыг шаардахгүй, мөн нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг бүртгүүлэх хүсэлтийг СЗХ ажлын 10 хоногт шийдэх зохицуулалтыг тусгажээ.
Европын Төв банк бодлогын хүүгээ дахин бууруулжээ
Эдийн засгийн өсөлттэй холбоотой болгоомжлол үргэлжилсээр байгаа энэ үед Европын Төв банкны зөвлөл пүрэв гарагт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулж 2.25 хувь болголоо.
Бодлогын хүүг сүүлийн нэг жилийн хугацаанд долоо дахь удаагаа дараалан бууруулж буй энэхүү шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тогтоосон татвараас үүдэн тодорхойгүй байдал үүссэн үед гаргажээ.
Төв банкны мэдэгдсэнээр, худалдаанд хурцадмал байдал даамжирч байгаа нь еврогийн бүсийн өсөлтийн хэтийн төлөвт нөлөөлж байна. Тус банк 2022-2023 оны хооронд инфляцийг бууруулахын тулд хүүгээ өсгөсний дараа 2024 оны зургаадугаар сараас хойш тасралтгүй бууруулж байна.
Уолл Стрийтийн ирэх 7 хоног
Өнгөрсөн долоо хоногт бага зэрэг сэргэсэн ч энэ долоо хоногт S&P 500 (.SPX) индекс буурч, хоёрдугаар сарын дээд түвшнээс 14%-иар доошиллоо. Хэлбэлзэл таван жилийн оргил түвшнээс бага зэрэг буурсан ч, түүхэн жишигтэй харьцуулахад өндөр хэвээр байна.
Сүүлийн хоёр жилийн турш зах зээлийг тэргүүлж байсан “Magnificent 7” гэж нэрлэгдэх хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын тоонд багтах Tesla (TSLA) болон Google-ийн толгой компани Alphabet (GOOGL)-н хувьцааны ханш суларсан. Эдгээр компанийн санхүүгийн тайланд хөрөнгө оруулагчид маш анхааралтай хандаж байна. Учир нь тарифын өөрчлөлт хэрхэн нөлөөлөх талаар тодорхой мэдээлэл хүлээж байгаа билээ.
Reuters агентлагийн энэ долоо хоногт хийсэн судалгаагаар, эдийн засгийн уналт ирэх 12 сард тохиолдох магадлал 45% болсон нь өнгөрсөн сарын 25%-аас өссөн үзүүлэлт юм.
Элон Маскийн үүсгэн байгуулсан цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla 4-р сарын 22-нд санхүүгийн үр дүнгээ зарлана. Тус компани Трамптай ойр харилцаатай гэдгээрээ ч анхаарал татаж байна.
Boeing (BA.N) компанийн үр дүн мөн анхаарлын төвд байна. Учир нь Хятад улс тус улсын агаарын тээврийн компаниудад Boeing онгоцны нийлүүлэлтийг хүлээн авахаа зогсоохыг тушаасан талаар мэдээлэл гарсан. IBM, Merck, Intel болон Procter & Gamble зэрэг томоохон АНУ-ын компаниуд ч ирэх долоо хоногт тайлангаа танилцуулах гэж байна.
Зах зээлийн анхаарал мөн Холбооны Нөөцийн Банк руу чиглэж байна. Пүрэв гарагт Трамп Холбооны Нөөцийн дарга Жером Пауэллийг ажлаас нь “аль болох хурдан чөлөөлөх ёстой” хэмээн мэдэгдэж, хүүгийн түвшинг бууруулахыг шаардав. Харин Пауэлл өмнөх өдөр нь эдийн засгийн чиг хандлагын талаарх илүү олон өгөгдлийг хүлээн авч байж бодлогоо өөрчилнө гэж мэдэгдсэн байна.
Cboe Volatility Index (VIX) буюу хөрөнгө оруулагчдын түгшүүрийн индекс Трампын тарифын мэдэгдлийн дараахан 60 хүрч өссөн ч одоо 30 орчимд буурсан байна.
Гэсэн ч энэ түвшин урт хугацааны дунджаас (17.6) өндөр хэвээр байна. Wealth Enhancement компанийн ахлах хөрөнгө оруулалтын стратегич Аяако Ёшиока хэлэхдээ:
“VIX индекс 15 орчим болтлоо буурахгүй л бол хэлбэлзэл намжсан гэж хэлэх боломжгүй,” гэжээ.
“Хэрвээ 30 орчимд хадгалагдсаар байвал, бид аюулгүй бүсэд хараахан ороогүй байна.”
© 2025 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency