“Oracle of Omaha” хэмээн алдаршсан хөрөнгө оруулагч Баффетт тус компанийн уулзалтын үеэр орлогч дарга Грег Абелд албан тушаалаа шилжүүлнэ гэж мэдэгдсэн юм. “Одоо Грег компанийн гүйцэтгэх захирал болох цаг нь ирсэн гэж бодож байна” хэмээн 94 настай Баффетт хэлэв.
Баффетт Berkshire Hathaway-г уналтад орсон нэхмэлийн үйлдвэрээс дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын корпораци болтол нь хөгжүүлсэн бөгөөд түүнийг дэлхийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагч гэж үздэг.
Тэрээр тус мэдэгдлийн талаар зөвхөн хоёр хүүхэд болох Ховард болон Сьюзи Баффетт нарт л урьдчилан хэлж байсан гэв. Түүнтэй тайзан дээр хамт сууж байсан Грег Абел уг мэдэгдлийг сонсоод гайхсан байдалтай байсан бөгөөд Баффетт 4 жилийн өмнө түүнийг залгамжлагчаар сонгосон ч тухайн үедээ тэтгэвэрт гарах талаар ямар ч дохио өгөөгүй байжээ.
Уулзалтын үеэр Баффетт өөрийн эзэмшдэг Беркшир Хэтэуэй компанийн хувьцааг огт зарахгүй гэдгээ мөн илэрхийлсэн.
“Би Беркширийн нэг ч хувьцааг зарах бодолгүй байна. Энэ бүх хувьцаа хандивлагдах болно” хэмээсэн нь үзэгчдийн алга ташилтаар дагалдсан. Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк зэрэг олон бизнесийн удирдагчид Баффеттын өвөрмөц өв, алсын харааг магтан сайшаасан мэдэгдэл гаргасан байна. “Уоррентэй адил хүн урьд өмнө байгаагүй. Маш олон хүн, үүнд би өөрөө ч багтана, түүний мэргэн ухаанд урам зориг авч байсан. Грегийн удирдлага дор Беркшир маш сайн гарт шилжиж байна” хэмээн Тим Күүк X/Twitter дээр бичжээ.
Олон тэрбум долларыг хандивласан Баффетт өнгөрсөн сард Bloomberg-ийн мэдээлснээр 154 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн дөрөв дэх хамгийн баян хүнээр нэрлэгдсэн.
Мөн уг мэдэгдлийн үеэр тэрээр Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлогыг эсэргүүцэж, АНУ “худалдааг зэвсэг болгон ашиглах ёсгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
“Бид дэлхийтэй худалдаа хийх ёстой. Бид өөрсдийнхөө хамгийн сайн хийдэг зүйлээ хийх хэрэгтэй, харин бусад нь өөрсдийн сайн хийдэг зүйлээ хийг” хэмээн нэмж онцолсон байна.
Эх сурвалж: BBC News
© 2025 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency