Мэдээний огноо: 2025 оны 11 сарын 16
🔵ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ ХК-ИЙН 17.3% НЬ 8.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗАРАГДАВ
[ХЗЗ-ийн тойм: 2025.11.14] Aрилжаа хаагдахад ТОП 20 индекс +0.57%-ийн өсөлт үзүүлж 51,516.33 нэгжид хүрснээр энэ долоо хоногийн бүх өдөр өсөлт үзүүлэв. Энэ хугацаанд тус индекс нийт +4.79%-ийн өсөлт үзүүлээд байгаа юм.
Сагсанд нь багтдаг [MSE:INV] Инвескор ХК (+3.26%), [MSE] Монголын хөрөнгийн бирж ХК (+1.20%), [MSE:CUMN] Премиум нэксус ХК (+2.67%), [MSE:SBM] Төрийн банк ХК (+1.22%)-ийн хувьцааны өсөлт зах зээлийн гол индекс өсөхөд дэмжлэг боллоо.
Арилжааны гүйцэтгэлийг харвал 33.1 сая ширхэг үнэт цаас 9.05 тэрбум төгрөгөөр арилжигдсан ба голлох арилжаа [MSE:QPAY] Инновэйшн инвестмент ХК дээр хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл тус компанийн 17.3%-тай тэнцэх 33.1 сая гаруй хувьцаа багцын арилжаагаар 8.5 тэрбум төгрөгөөр зарагдсан юм.
🏦ЗАСГИЙН ГАЗАР ДОТООДЫН ХӨРӨНГИЙН ЗАХААС 126 ТЭРБУМ ТӨГРӨГ БОСГООД БАЙНА
Олон жил завсарласны эцэст энэ оноос эхлэн Засгийн газар дотоодын хөрөнгийн бирж дээр бонд гарган санхүүжилт татаж байна. 2025 оны 4-р сард 4 удаагийн арилжаагаар 20 тэрбум төгрөгийг босгосноос хойш 6 сараас 7 хүртэлх жилийн хугацаатай нийт 126.0 тэрбум төгрөгийн бондыг арилжаад байгаа юм. Бондын хүүгийн хувьд хамгийн доод нь жилийн 9.174%-тай, дээд нь 13.256%-тайгаар хөрөнгө оруулагч нарт худалджээ.
Тэгвэл ирэх 2026 онд Засгийн газар бонд гаргалтаа үргэлжлүүлэн 562.2 тэрбум төгрөгийг босгохоор төлөвлөж байна.
Сүүлд 2017 онд дотоодын бирж дээрээс 631 тэрбум төгрөгийн санхүүжилтыг бондоор татаж байсан юм.
Эх сурвалж: /Marketinfo/
“SONY” КОМПАНИ ОРЛОГЫН ТААМАГЛАЛАА ӨСГӨЖЭЭ
Японы “Sony” компани “Demon Slayer” анимейшн киноны ачаар жилийн орлогын урьдчилсан таамаглалаа нэмэгдүүлсний дараа тус компанийн хувьцааны ханш мягмар гарагт 5 гаруй хувиар өсжээ. Мөн орлогын таамаглалыг нэмэгдүүлсэн нь “PlayStation” тоглоомын консолийн борлуулалт хүлээлтээс өндөр байж, АНУ-ын тарифын нөлөө хүлээлтээс бага байгаатай холбоотой байна.
2025-2026 оны санхүүгийн жилд “Sony” 1.05 их наяд иений /6.8 тэрбум ам.доллар/ цэвэр ашиг олох төлөвтэй байгаа нь өмнөх урьдчилсан таамаглалаас 8 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн жилийн түүхэн дээд үзүүлэлтээс бага зэрэг зөрүүтэй байна. Мөн тус компани үйл ажиллагааны ашгийн урьдчилсан таамаглалаа 8 хувиар, борлуулалтын урьдчилсан таамаглалаа 3 хувиар тус тус нэмэгдүүлжээ. Ингэснээр “Sony” наймдугаар сард цэвэр ашгийн урьдчилсан таамаглалаа 970 тэрбум иен болгон нэмэгдүүлснээсээ хойш хоёр дахь удаагаа өсгөсөн байна.
Энэ санхүүгийн жилийн эхний хагаст цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар өсөж, 570 тэрбум иен болсон гэж “Sony” мэдэгджээ. Алдарт манга цувралаас сэдэвлэсэн “Demon Slayer: Kimetsu No Yaiba — Infinity Castle: Part 1” кино нь асар өндөр амжилт дагуулсан юм. Энэхүү анимейшн кино нь Японд бүх цаг үеийн хамгийн их орлого олсон хоёр дахь кино болсон юм. Харин “COVID-19” цар тахлын үеэр хит болсон өмнөх “Demon Slayer” кино нэгдүгээрт бичигдэж байна. Илдээр тулалддаг Танжиро Камадогийн чөтгөрүүдийг устгах тулааны талаар өгүүлэх энэхүү кино есдүгээр сард АНУ, Канадын кинотеатруудад нээлтээ хийх үедээ мөн кассын орлогоороо тэргүүлсэн юм.
Японы авто машин үйлдвэрлэгч “Toyota” компани өнгөрсөн долоо хоногт мөн энэ санхүүгийн жилийн үйл ажиллагааны орлого болон цэвэр ашгийн урьдчилсан таамаглалаа нэмэгдүүлсэн билээ. “Sony Group”-ийн хувьцаа үдээс хойш болсон арилжааны явцад 5.7 хувиар өссөн байна.
🪙 АЛТНЫ ҮНЭ 4200 АМ.ДОЛЛАРООС ДАВЖЭЭ
АНУ-ын засгийн газрын санхүүжилтийг үргэлжлүүлэх асуудлаар Төлөөлөгчдийн танхимд санал хураахаас өмнө Сангийн яамны бондын өгөөж буурснаас үүдэн алтны үнэ лхагва гарагт 2 хувиар өсжээ.
Shutdown-г зогсоосноор эдийн засгийн статистик мэдээллийг танилцуулах үйл явц сэргэж, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах магадлалыг нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Тодруулбал, алтны спот үнэ 2 хувиар өссөнөөр нэг унц нь 4208.98 ам.долларт хүрсэн нь 10 дугаар сарын 21-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 2.4 хувиар өсөж, унц нь 4213.60 ам.долларт хүрснээр лхагва гаргийн арилжаа хаагдсан байна.
АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 1 хувиар буурснаар 11 дүгээр сарын 5-наас хойших хамгийн доод түвшинд хүрч байна. “Засгийн газрын үйл ажиллагаа сэргэх гэж байгаатай холбогдуулан хөрөнгө оруулагчид эдийн засгийн үзүүлэлтийн талаарх статистик мэдээллүүдийг хүлээж байна. Эдгээр мэдээлэл нь Америкийн эдийн засаг суларч байгааг харуулах магадлалтай” гэж “TD Securities” фирмийн түүхий эдийн стратегийн хэлтсийн дарга Барт Мелек хэлжээ.
Бүгд найрамдах намын хяналтад байдаг Төлөөлөгчдийн танхим өнөөдөр АНУ-ын түүхэнд хамгийн удаан хугацаанд үргэлжилж буй шатдауныг зогсоох хуулийн төслийн талаар санал хураалт явуулна. Нийт 42 хоногийн турш үргэлжилж буй түр зогсолт нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, статистик мэдээллийг танилцуулах үйл явцыг зогсоосноор бодлого боловсруулагчид болон хөрөнгө оруулагчид эдийн засгийн төлөв байдлыг үнэлэхийн тулд хувийн байгууллагуудын гаргасан үзүүлэлтүүдэд найдахад хүрсэн юм.
Түүнчлэн мөнгөний спот үнэ 4.6 хувиар өсөж, унц нь 53.58 ам.доллар болсон нь 10 дугаар сарын 17-ноос хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Мөн цагаан алтны үнэ 2 хувиар өссөнөөр 1616.80 ам.доллар, палладийн үнэ 2.5 хувиар өсөж 1480.58 ам.долларт тус тус хүрсэн байна. “CME Group”-ийн “FedWatch” хэрэгслийн мэдээллээр, Холбооны нөөцийн сангийн 12 дугаар сарын хурлаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулах магадлал 65 хувьтай байна.
УОЛЛ СТРИЙТ ХОЛИМОГ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ХААГДЛАА — АРИЛЖААЧИД NVIDIA-ИЙН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2025 оны 11-р сарын 14 (Reuters) – Уолл Стрийтийн хөрөнгийн зах зээл баасан гарагт холимог үзүүлэлттэй хаагдлаа. Хөрөнгө оруулагчид ирэх долоо хоногт NVIDIA компанийн санхүүгийн тайланг хүлээж байгаа бөгөөд АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (Fed) 12-р сард бодлогын хүүгээ бууруулахгүй байх вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байна.
NASDAQ индекс өсөж хаагдсан бол S&P 500 бага зэрэг сулрав. Арилжааны эхэнд гурван гол индекс бүгд 1%-иас дээш буурсан. Сүүлийн өдрүүдэд хөрөнгө оруулагчид бодлогын хүүг бууруулах хурдац удааширч байгаа болон АНУ-ын зах зээлийн өсөлтийг голлон хөдөлгөсөн хиймэл оюун ухааны (AI) томоохон компаниудын үнэлгээ хэт өндөр болсон тухай сэтгэл зовинолтой байна.
Nvidia (NVDA), Palantir (PLTR) болон Microsoft (MSFT) хувьцаанууд бүгд 1%-иас дээш өсөлттэй хаагдав.
Төв банк 12-р сард бодлогын хүүг бууруулах боломжтой гэсэн хүлээлт сүүлийн өдрүүдэд буурчээ. Үүний шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй тарифын бодлогоос үүдэлтэй инфляц өсөлтөд нөлөөлж буйтай холбоотой. FedWatch-ийн мэдээллээр 12-р сард 0.25%-ийн хүү бууруулах магадлал өнгөрсөн долоо хоногийн 67%-иас одоо 50%-иас доош орсон байна.
Канзас Сити FED-ийн Ерөнхийлөгч Жеффри Шмид баасан гарагт “хэт халсан” инфляц зөвхөн тарифтай холбоогүй, илүү өргөн хүрээтэй асуудал гэдгийг онцлон хэлж, хэрэв бодлогын хүү буурвал 12-р сарын уулзалтад дахин эсэргүүцэж магадгүй гэв. Тэрээр 10-р сард хүү бууруулах шийдвэрт санал зөрсөн хоёр гишүүний нэг байсан.
AI чип үйлдвэрлэгч NVIDIA компанийн санхүүгийн тайлан лхагва гарагт гарна. Энэ нь Уолл Стрийтийн гол анхааралд байх бөгөөд AI технологийн уралдаан удаашраагүй гэдгийг нотлох чухал шалгуур болно.
📢Horizon Investments-ийн судалгааны захирал Майк Диксон:
“Ирэх долоо хоногт NVIDIA маш том үйл явдал болно. Хэрвээ тайлан нь хүлээлтээс доогуур байвал зах зээл шууд шийтгэнэ. Гэхдээ өнөөдрийнхтэй төстэй байдлаар уналтын дараа эргэж худалдан авах хөрөнгө оруулагчид гарч, зах зээлийг тогтворжуулах байх” гэжээ.
S&P 500-ийн 11 салбарын 7 нь уналттай хаагдсан бөгөөд материалын салбар 1.18%, санхүүгийн салбар 0.97%-иар буурсан байна.
Энэ 7 хоногт:
Ажиллах хүч, инфляцын төлөвийн талаарх болгоомжлол үргэлжилж байна. АНУ-ын засгийн газрын түүхэн урт хаалт дууссан ч эдийн засгийн албан ёсны мэдээлэлд гажуудал гарсаар байна.
🔔Олон улсын худалдаанд:
“Ирэх долоо хоногт NVIDIA маш том үйл явдал болно. Хэрвээ тайлан нь хүлээлтээс доогуур байвал зах зээл шууд шийтгэнэ. Гэхдээ өнөөдрийнхтэй төстэй байдлаар уналтын дараа эргэж худалдан авах хөрөнгө оруулагчид гарч, зах зээлийг тогтворжуулах байх” гэжээ.
Warner Bros Discovery компанийн хувьцаа 4%-иар өсөв. Тус компани бизнесээ дахин үнэлж буйтай холбогдуулан Гүйцэтгэх захирал Дэвид Заславын гэрээг шинэчилсэн байна.
Cidara Therapeutics компанийн хувьцаа хоёр дахин өсөв. Учир нь Merck компани 9.2 тэрбум ам.долларын гэрээгээр худалдаж авахаар болжээ.
S&P 500 дахь унасан хувьцаа өссөнөөсөө 1.7 дахин их байв.
© 2026 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency