Мэдээ мэдээлэл

Үнэт Санхүүгийн Нэгдэл Монгол–Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалтад амжилттай оролцлоо.

Нийтэлсэн огноо: Thursday November 27th, 2025

Монгол–Японы төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой уламжлалт зөвлөлдөх уулзалтын XII удаагийн арга хэмжээ Монгол Улс Бүгд найрамдах улсаа тунхагласны ойн баярын өдөр Токио хотноо амжилттай зохион байгуулагдав. Хоёр улсын эдийн засаг, худалдаа, технологи болон хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэхэд энэхүү уулзалт онцгой ач холбогдолтой байлаа.

Уулзалтад хоёр талын төр, хувийн хэвшлийн өргөн бүрэлдэхүүн оролцсоноос Монголын талаас Шадар сайд Х.Ганхуяг, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Т.Жамбаажамц, МҮХАҮТ, Үнэт Санхүүгийн Нэгдэл, арилжааны банкууд болон санхүүгийн байгууллагуудын төлөөллүүд оролцов. Японы талаас Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд К.Ямада, Гадаад хэргийн дэд сайд Т.Шимада, Япон–Монголын эдийн засгийн хорооны дарга Х.Цүбай нар оролцсон бөгөөд нийт 800 гаруй төлөөлөгчидтэй томоохон уулзалт боллоо.

 

Монгол–Японы эдийн засгийн форумын үеэр Үнэт Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга Д.Бадрал, Санхүү хариуцсан захирал Г.Гүрбазар, Үнэт Иновишинс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Мөрөн нар Японы хөрөнгө оруулагчидтай уулзаж, Монгол дахь хөрөнгө оруулалтын боломжуудын талаар мэдээлэл солилцон, цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах тохиролцоог амжилттай хийлээ.

Мөн энэ уулзалтын үеэр Голомт банк Японы зах зээлд 3 жилийн хугацаатай, 15 тэрбум иений Самурай бонд амжилттай босгосон нь хоёр улсын санхүүгийн хамтын ажиллагаанд шинэ боломж нээлээ.

Одоогоор Япон улс Монголын нийт ГШХО-ын 5 хүрэхгүй хувийг бүрдүүлж байгаа тул хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатайг төлөөлөгчид тэмдэглэв. Мөн Монголын Японоос импортолдог барааны 75 хувийг суудлын автомашин эзэлж буй нь худалдааны бүтцийг төрөлжүүлэх шаардлагатайг онцолсон юм. Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахын тулд хууль эрх зүй болон дэд бүтцийн тогтвортой байдлыг хангах нь чухал гэдгийг Японы тал илэрхийлэв.

Энэхүү уулзалт Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хоёр орны найрсаг харилцаа, бизнесийн боломжийг тэлсэн чухал үйл явдал боллоо.

Эх сурвалж: https://unet.mn/

 

Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн онцлох мэдээ мэдээллийн товхимолыг авахыг хүсвэл и-мэйл хаягаа илгээгээрэй.

Please enable JavaScript in your browser to complete this form.

© 2025 Unet Securities SC. All rights reserved. Developed by Mind Agency