💡 Хөрөнгө оруулагч ээж зөвлөж байна.
1. Таны хүүхэд 18 хүрэхэд өөрийн гэсэн хөрөнгөтэй байвал ямар вэ?
Хүүхдийн мөнгийг банкны хадгаламжид байршуулах нь олон эцэг эхчүүдийн хувьд хамгийн эхний хийх сонголт байсаар ирсэн. Гэхдээ банкнаас санал болгодог тогтсон хүүгийн өгөөжөөс илүү хүүхдийн ирээдүйд ухаалгаар хөрөнгө оруулалт хийх боломж байдаг. Миний хувьд энэ нь хөрөнгийн зах зээлд бага багаар, тогтмол хөрөнгө оруулах явдал юм.
Энэ нь зөвхөн мөнгө өсгөх арга биш бөгөөд таны хүүхдийн санхүүгийн боловсролыг дэмжихээс гадна, ирээдүйд өөр нэгэн санхүүгийн орлогын эх үүсвэрийг бий болгох боломж юм. Хүүхэд бүр үнэт цаасны хадгаламжтай болох нь хөрөнгийн зах зээлийн талаар сонирхох үндсийг тавьж өгөхөөс гадна насанд хүрээд өөрийн хөрөнгийг үр өгөөжтэй захиран зарцуулах талаар суралцах хүслийг төрүүлэх давуу талуудтай.
Хүүхэд зөвхөн насанд хүрсний дараа хөрөнгийн зах зээлийн талаар ойлголттой болох ёстой гэсэн ойлголт нь өрөөсгөл юм.
Бага наснаас нь эхлэн өмчийн зарчим, түүний үнэ цэн, хөрөнгийн өсөлт ба уналтын үйл явцын талаар энгийн жишээ, ойлгомжтой хэллэгээр танилцуулж өгөх нь хүүхдэд санхүүгээ зөв удирдах дадлыг суулгахад чухал нөлөөтэй. Ингэснээр тэд өөрийн өмчтэй байх мэдрэмжээ хөгжүүлж, мөнгөний хөдөлгөөн, зах зээлийн өөрчлөлтийг бодит амьдралтай нь холбон ойлгож, ирээдүйнхээ санхүүгийн шийдвэрийг илүү хариуцлагатайгаар гаргах суурийг багаасаа бий болгох боломжтой.
2. Хүүхдийн мөнгийг зөв хөрөнгө оруулалт руу чиглүүлэх нь хадгаламжаас илүү өгөөжтэй байх боломжтой.
Банкны хадгаламжийн давуу тал нь тогтвортой, эрсдэл багатайд оршдог. Гэхдээ хадгаламж дахь мөнгөний өсөлт хязгаарлагдмал. Харин хөрөнгийн зах зээлийн дундаж өгөөж дунд болон урт хугацаандаа хадгаламжаас илүү өндөр байдаг.
Товчхондоо:
Банк=аюулгүй
Хөрөнгө оруулалт = өсөх боломжтой
Мөн хамтад нь хослуулж, эрсдэлийг тэнцвэржүүлэх бүрэн боломжтой.
Хүүхдийн нэр дээр бий болсон санхүүгийн хөрөнгө нь түүний хувьд их дээд сургуулийн төлбөр, эхний байрны урьдчилгаа, бүр цаашлаад өөрийн бизнесээ эхлүүлэх анхны хөрөнгө оруулалт ч байх боломжтой.
Эцэст нь зөвлөхөд хүүхдийн мөнгийг зөвхөн хадгаламжид хийх нь буруу биш. Харин түүний тодорхой хэсгийг ирээдүйд өсөх боломжтой хөрөнгө оруулалт руу хуваарилах нь илүү үр ашигтай. Ингэснээр та хүүхдэдээ мөнгө зөвхөн хадгалах бус, өсгөж үржүүлэх боломжтой байдгийг ойлгуулах бөгөөд энэ нь тэдний ирээдүйд хийж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын нэг болох юм.

© 2025 он. Unet Securities SC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency